Хонь угаах явуулын болон суурин төхөөрөмж нэвтрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-06-30 10:38:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Герман улсын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудын холбоо (DIHK)-ноос хэрэгжүүлж буй "ProValue" төслийн хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд "Хонь угаах, мал эрүүлжүүлэх жишиг төв" ажиллаж байна. 

Уг төв малчдад цахилгаан хайчаар хонь хяргах, мал угаах, ноосыг ангилан ялгах, хадгалах үйлчилгээг нэг дор үзүүлж байна. Төвийг байгуулсан өнгөрсөн 3 жилийн хугацаанд 150 малчин өрхийн 14.500 хонь, ямааг хяргаж, угаалгад хамруулснаар тус төвөөр үйлчлүүлэх хүсэлтэй малчдын тоо өссөөр байна. Энэ туршлагад үндэслэн Архангай  аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар аймгийнхаа сумын бүх багт  хонь угаах явуулын болон суурин төхөөрөмжийг үе шаттай нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Малчид цахилгаан хайчаар, аюулгүй ажиллагааны зааврын дагуу хонь хяргаж сурснаар хөдөлмөрөө хөнгөвчилж, цаг хэмнэж байна. Мөн үйлдвэрийн шаардлага хангахуйц ноосны гарц ч нэмэгдэж байгаа бөгөөд хяргасан хонио тэр дор нь зориулалтын бодистой онгоцонд угааж малын халдварт өвчнөөс сэргийлж байна. 

МҮХАҮТ, Германы ХАҮТ-тай хамтран Архангай аймагт хэрэгжүүлж буй “Ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийн хүрээнд өнөөдөр тус аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур сумын 30 орчим иргэн цахилгаан хайчаар хонь хяргах сургалтад хамрагдлаа. Эдгээр 3 сумын дунд орших “Хөөрөг” багт мал халдваргүйжүүлэх онгоц шинээр ашиглалтад орлоо.


Холбоотой мэдээ