Нур-Султанаас ирсэн иргэнээс гурав дахь шинжилгээгээр халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-29 11:35:33
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр гурван лабораторид 216 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1 хүнээс коронавирус илэрснийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.


Тухайн иргэн энэ сарын 10-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн бөгөөд гурав дахь давтан шинжилгээгээр буюу 19 хоногийн дараа халдвар илэрсэн байна. Тодруулбал, энэ сарын 11, 22-нд шинжилгээ авахад хариу нь сөрөг гарч байжээ.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 10 хүнээс коронавирус илрээд байна. Тухайлбал энэ сарын 11-нд хийсэн шинжилгээгээр 3 хүнээс, 22-нд 4 хүнээс, 23-нд 2 хүнээс, 29-нд 1 хүнээс халдвар илэрлээ. Үүнээс үзэхэд 14 хоногийн тусгаарлалтын хугацааг 21 болгож нэмэгдүүлсэн нь зөв шийдвэр болсон байна" хэмээн тэмдэглэв.


Өчигдөр хийсэн шинжилгээнд тусгаарлах байранд байгаа 196 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор УНТЭ, Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс цуглуулсан 2 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн 14 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ багтжээ.


Ингэснээр манай улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 220, үүнээс эдгэрсэн хүний тоо 175 боллоо. Одоо ХӨСҮТ-д 45 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 36 хүний биеийн байдал хөнгөн, 9 хүн хүндэвтэр байна.  


Холбоотой мэдээ