СЕХ зарим нам, эвслийн нэр дэвшигч, бие даагчтай уулзав

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-06-27 15:18:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ны удирдлага УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон зарим нам, эвслийн нэр дэвшигч болон бие даагч нартай өнөөдөр уулзав. Зарим нам, эвслийн төлөөлөл болон бие даагч нар сонгуулийн санал хураалт алдаа, зөрчил ихтэй, эргэлзээтэй байгаа хэмээн үзэн дахин санал явуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан СЕХ-нд шаардлага хүргүүлсэн юм.

Шаардлагын талаар СЕХ-ноос хариулт өглөө. СЕХ-ноос мэдэгдэхдээ, санал тоолох төхөөрөмж ямар нэг сүлжээнд холбогдохгүйгээр дүнгээ хэвлэж гаргадаг.  Тэр дүн СЕХ-ны төв серверт ирдэг. Үүнд хэн нэгний гар оролцоо байхгүй, Хамгаалалтай сүлжээгээр, хамгаалалтай файл ирдэг. Нууцалсан файлыг нээхийн тулд өндөр чадалтай компьютероор 10 хоног суудаг. Боловсруулалтыг ч мөн сервер өөрөө хийж буй. Боловсруулалтыг excel-ээр экспортолж гаргасан. Ингэх үед зарим нь мянганы нарийвчлалтайгаар гарсан. Үүнд ямар нэг алдаа байхгүй гэв.


Сонгуулийн санал хураалт, тооллогын үед зөрчил гарсан гэж үзэж байгаа бол СЕХ-нд зөрчлийг шалгаж тогтоох эрх байхгүй. Харин саналын хуудсыг гараар тоолох боломж бий. Нийслэлд хэсгийн хороодын 22 хувьд нь тоолсныг мэдэгдсэн юм. Нийт саналын 50 хүртэлх хувийг нь хянан тоолох зохицуулалтыг хуульд тусгасныг онцлов.

Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нар сонгогчдын ирц ба нэр дэвшигчдийн авсан санал зөрүүтэй байгаа талаар янз бүрийн тайлбар, байр суурийг олон нийтийн сүлжээгээр илэрхийлээд байгаад СЕХ тайлбар өгсөн юм. Үүнд, саналын хуудасны цагаан сонголтыг тооцох хэрэгтэйг санууллаа. Жишээ нь, 2 мандаттай Дундговь, Говьсүмбэр аймгийн 6-р тойрогт нийт 28.053 сонгогч саналаа өгөхөөс 53 сонгогч саналаа огт тэмдэглээгүй буюу хүмүүсийн хэлдэгээр "цагаан сонголт" хийжээ. Сонгогчдын ирцийн дүн мэдээ болон нэр дэвшигчдийн авсан саналыг зөрүүтэй цагаар харьцуулж болохгүйг мөн мэдэгдлээ.

СЕХ сонгогчдын ирцийн дүн мэдээг 6 дугаар сарын 24-ний:

13:15 цагт 12:00 цагийн,

18:10 цагт 17:00 цагийн,

22:00 цагт 21:00 цагийн буюу санал хураалт дуусахаас нэг цагийн өмнөх мэдээг танилцуулсан. Тэгвэл зарим нэр дэвшигч, улстөрийн нам эвсэл сонгогчдын 21 цагийн ирцийн дүн мэдээг 22 цагаас хойш зарлагдаж эхэлсэн нэр дэвшигчдийн авсан саналыг нэмж харьцуулан иргэдэд ташаа мэдээлэл түгээж байгааг анхаарууллаа. 12:00, 17:00, 21:00 цагийн мэдээллийг Улсын Бүртгэлийн ерөнхий газраас тухайн цаг мөчид нь авсан бол 22:00 цагийн ирцийн нэгтгэсэн мэдээг СЕХ-ны мэдээллээс бэлтгэн нэмснийг мэдэгдлээ. 


Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбоотой зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон СЕХ-нд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс СЕХ-нд өгсөн үүрэг даалгаврын дагуу гомдолд дурдагдсан Архангай аймгийн 1 дүгээр тойрог, Дорнод аймгийн 7 дугаар тойрог, Өвөрхангай аймгийн 10 дугаар тойрог, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойрог, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүлжээ.

Хяналтын тооллогыг СЕХ-ны 2020 оны 22 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хяналтын тооллого хийх тухай” журмын дагуу сонгуульд оролцсон нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагыг байлцуулан ил тод, нээлттэй явуулах ажлыг 6 дугаар сарын 28-ны дотор багтаан зохион байгуулж, хяналтын тооллогын дүнг албан ёсоор баталгаажуулан тооллогод оролцогчдод болон СЕХ-нд нэн даруй мэдээлэхийг үүрэг болгов.  



Холбоотой мэдээ