Аймгийн музей гаднах ил үзмэрүүдээ хамгаалалтад авлаа

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-06-30 11:11:17

Төв /МОНЦАМЭ/. Төв музейн гаднах ил үзмэрүүдийг 1980-аад онд зөөж авчирсан бөгөөд тухайн үед үзмэрүүдээ хашаалаагүй учир иргэд дурсгалд сүү, тос өргөх зэргээр дурсгалыг гэмтээх, үнэ цэнийг нь алдагдуулах эрсдэл үүсэж байгаа тул хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах зорилгоор музейн хашаанд дотор зөөн байрлуулжээ.

Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумаас Тээрмийн  чулуу 2 ширхэг авчирсан. Уг дурсгал нь XVII зууны сүүл, XVIII зууны эхэн үед хамаарах сүм хийдийн холбогдолтой. Дурсгалын диаметр - 98см, зузаан – 22см байна. Мөн тус сумаас Тариа бутлах зориулалттай бул чулуун дурсгал хоёр ширхэг. Уг дурсгал нь урт -90 см, диамерт -36см, урт – 87см, диаметр – 40см байна. Түүнчлэн Жаргалант сумаас олдсон Тарианы пайз нэг ширхэг, XVII зууны сүүл, XVIII зууны эхэн үед хамаарах сүм хийдийн холбогдолтой дурсгал юм. Дурсгалын өндөр -161см, өргөн -30см байна. Баян-Өнжүүл сумын нутаг Улхын булан гэдэг газраас олдсон Мэлхийн чулуу хөшөө нэг ширхэг авчирсан. XVII зууны сүүл, XVIII зууны эхэн үед хамаарах сүм хийдийн холбогдолтой дурсгал юм. Дурсгалын өндөр -69см, өргөн -95см, урт -175см гэх зэрэг дурсгалуудыг зөөн байрлуулжээ. 

Аймгийн музей, “Байгууллагын гадаа ил задгай орших дурсгал дээр хүмүүс суух, хөлөө тавих, хүүхдүүд дээр нь гарч тоглох, гүйх, сүү, тос өргөх зэрэг нь дурсгалыг гэмтээх, үнэ цэнийг нь алдагдуулж байна. Иймээс эрсдэлээс хамгаалах, байгалийн аливаа гадны нөлөөллөөс хамгаалах зорилгоор хашаанд зөөж байрлуулсан” гэв.

Ташрамд, Аймгийн музейн сан хөмрөг нь 5400 гаруй үзмэртэй. Үүний 8.8% урлаг, уран сайхан, 46.7% түүхийн, 12.1% угсаатны зүйн, 19.7% шашин, шүтлэгийн, 3.1% археологийн дурсгал, 9.3% байгалийн дурсгал эзэлдэг аж. 

 

Холбоотой мэдээ