Азгүйтэлтэй тэмцсээр аварга болсон “Ливерпуль”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-26 17:30:51

6 дугаар сарын 25-ны орой “Манчестер Сити” баг “Челси”-гийн талбайд ялагдал хүлээснээр тэмцээний онооны хүснэгтэнд “Ливерпуль”-ийг гүйцэх боломжгүй боллоо. Ингэснээр дэлхийн хөлбөмбөгийн хамгийн алдартай клубуудын нэг болох “Ливерпуль” түүхэндээ анх удаа Премьер-лигийн аваргаар тодорч байна. Үүний учир энэ баг болон түүний хөгжөөн дэмжигчдээр бахархах ёстой.   


Яагаад гэвэл “Ливерпуль” бол хамгийн шилдэг нь!


Энэ оны хувьд дэлхийн болон Их Британийн хамгийн алдартай хөлбөмбөгийн клуб нь “Ливерпуль” байлаа. Дүн шинжилгээний FootballIndex цахим хуудсанд бичсэнээр, британичуудын 8,3 хувь нь тус клубыг хөгжөөн дэмждэг ажээ. Харьцуулваас, “Манчестер Юнайтед” багийг Их Британийн иргэдийн 6 хувь нь, “Челси”-г 3,1 хувь нь дэмждэг байна. Английн багууд Ази тивд хэдэн зуун сая фэнүүдтэй бөгөөд “Ливерпуль” баг Япон дахь хөгжөөн дэмжигчдийнхээ тоогоор “Арсенал”-ын дараа, Индонезид “МЮ”-гийн дараа ордог.


Өөр нэгэн тоо баримтыг дурдая. 6 дугаар сард Премьер-лигийн тоглолтууд дахин сэргэсний дараахан “Ливерпуль” ба “Эвертон” багуудын хооронд болсон тоглолтыг Их Британид 5,5 сая хүн телевизээр үзжээ. Энэ бол үнэмлэхүй дээд амжилт бөгөөд өмнө нь 2012 онд болсон Манчестерийн хоёр багийн тоглолтыг 4,4 сая хүн үзэж байв. 


Хэзээ ч аварга болж байгаагүй!


Үгүй ээ, ливерпульчүүд өмнө нь 18 удаа Английн аваргаар шалгарч байсан юм. Харин 1992 онд Премьер-лиг байгуулагдсанаас хойших хугацаанд тус клуб авч болох бүхий л цомыг авчихаад байв. Тодруулбал, Английн цом, Английн Лигийн цом, УЕФА-гийн цом, Аваргуудын лигийн цом, УЕФА-гийн суперцом, клубуудын ДАШТ-ний цом, Английн Суперцом гээд Премьер-лигээс бусад бүх тэмцээнд түрүүлчихээд байлаа. 

Премьер-лигт аваргалах боломжийг ливепульчүүд тун азгүйтэн алдаж байв. Тухайлбал, 2014 оны 5 дугаар сард “Челси”-г өөрийн талбайд хүлээн авахдаа хожиход л лигийн аварга болох байлаа. Гэтэл тооны харьцаа 0:0 байх үед “Ливерпуль”-ийн итгэл найдвар, тулгуур багана нь болж байсан Стивен Жерард хальтиран унаж бөмбөгийг алдсаны дараа “Челси” гоол хийснээр аваргалж байлаа.


2019 онд “Ливерпуль” клуб ганцхан хожигдож, 97 оноогоор тэргүүлж байсан нь Премьер-лигт түрүүлэхэд хангалттай байлаа. Гэтэл тэр жил “Манчестер Сити” 98 оноо авчихсан юм.


2020 оны 3 дугаар сард ливерпульчүүд хоёрхон ялахад л Премьер-лигийн түүхэнд “хамгийн эрт аваргын болзол хангасан баг” гэж бичигдэх байлаа. Гэвч дэлхий дээр цар тахал дэгдсэн нь үүнд саад болов.    


Багийн бүрэлдэхүүн ба дасгалжуулагч


Аваргалсан багийн бүрэлдэхүүн сул байна гэж үгүй. Бразилийн Алисон Бекер бол дэлхийн шилдэг хаалгач, харин Эндрю Робертсон, Трент Александр-Арнольд хоёр бол жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглодог дэлхийн шилдэг хөлбөмбөгчид. Жордан Хендерсоныг дэлхийн шилдэг төвийн хагас хамгаалагч гэж хэлэхгүй л дээ, гэхдээ тэр бол жинхэнэ багийн ахлагч байх ёстой хүн. Фирмино-Салах-Мане гэсэн гурвал бол дэлхий дээрх хамгийн шилдэг довтолгооны гурвал мөн.  Гэхдээ эдгээр хөлбөмбөгчдийн хэн нь ч “Ливерпуль”-д ирэх үедээ шилдэгт тооцогддоггүй байсан бол сүүлийн 2-3 жилийн дотор дэлхийн хэмжээний одод болсон билээ.


Ливерпуль хотын захын нэгэн дүүрэгт амьдардаг байсан жирийн нэгэн залуу Александр-Арнольд “хөлбөмбөгийн хэв маягийг өөрчилж буй хамгаалагч”, “ирээдүйд багийн ахлагч болох хүн” гэгдэж байна. Тэрбээр өдгөө эмнэлгүүд болон Н.Манделагийн санд мөнгө хандивладаг өгөөмөр сэтгэлтэн болжээ. Хэрвээ хичээлдээ муу дүн авбал эцэг эх хоёр нь түүнийг хөлбөмбөгийн бэлтгэлд нь явуулдаггүй байсан тухай Александр-Арнольд дурсан ярьж байна.

Мөн сэтгэлээр огт унадаггүй, хошин шогийн мэдрэмжтэй ахлагч дасгалжуулагч Юрген Клоппгүйгээр “Ливерпуль” баг юунд ч хүрч чадахгүй гэдэг нь бас үнэн.



Ливерпулийн түүх бол бэрхшээл азгүйтлийг даван туулсан түүх


Энэ багийнханд ямар ч зүйл, хэзээ ч амар хялбар олдож байгаагүй юм. Тэмцээнд тэргүүлэгчдийг хожсоныхоо дараа сүүл мушгиж буй багуудад тун арчаагүй байдлаар хожигдож байв. 2005 оны Аваргуудын лигийн финал бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөсөн тоглолт байлаа. Элдвийг үзсэн багийн фэнүүдийн хувьд ч гэсэн энэ тоглолт “арай дэндүү” гэмээр бүтэлгүйтлээр дүүрэн. 0:3-аар хожигдож яваад тоог тэнцүүлж, 118 дахь минутанд золтой л гоол алдаагүй ливерпульчүүд торгуулийн цохилтоор арай чүү өрсөлдөгчөө ялж байв.   


Харин 2019 оны Аваргуудын лигийн финалын тоглолтонд төдийлөн хүч гаргалгүйгээр ялалт байгуулж байсан бол 2018 оны финал үнэхээр “хар дарам зүүд” мэт байлаа.


“Ливерпуль бол гэр бүлээс ч илүү чухал зүйл” гэж ярьдаг манлайлагчдынх нь гаргасан аймшигтай алдаанууд. “Энфилд” цэнгэлдэх хүрээлэнд “You`ll Never Walk Alone” сүлд дуугаа дуулж буй фэнүүд ба 1985 онд Бельгийн “Эйзель” цэнгэлдэхэд 39 хүний аминд хүрсэн эмх замбараагүй байдлыг өдөөсөн хөгжөөн дэмжигчид.    


Санаанд оромгүй ялагдлууд ба найдвар тасарсан үед байгуулсан ялалтууд. Энэ бүхэн бол энэ зууны хамгийн хүнд хэцүү бөгөөд хамгийн хачирхал төрүүлэм жил болох 2020 онд Премьер-лигт аваргалсан “Ливерпуль”-ийн түүх юм.

 

Холбоотой мэдээ