Д.Баатар:“Сэлэнгэ талхан цех”-ийн талхны амт өөрийн гэсэн нууц жортой

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-06-27 11:27:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Буян хишиг” талхан цех, өглөө бүр амтархан иддэг, хамар цоргисон шинэхэн талхыг үйлдвэрлэсээр 20 жил болжээ. Сэлэнгийн брэнд болж чадсан эл “том” талхыг хмел хэмээх ургамлаар хөрөнгөлж хийдгээрээ онцлогтой юм. Ингээд “Буян хишиг” цехийг үүсгэн байгуулагч Д.Баатартай ярилцлаа.


-Сэлэнгийн хмелийн том талх аймагтаа брэнд бүтээгдэхүүн болжээ. Сэлэнгэдээ төдийгүй Монгол Улс даяар мэддэг болсон байна.  Ийм том талх үйлдвэрлэх болсон үеэ дурсаач?

-Эгч нь нас залуухан 32 настайдаа тэтгэвэрт гарсан. Ингээд олон нялх нойтон хүүхэдтэй болохоор хэцүүхэн л байлаа. Тэгээд арай залуухан тэтгэвэрт гарчлаа, одоо юу хийдэг билээ гэж бодсон. Ингээд нэг өдөр талх хийе гэж бодоод 5 талх хийж заруулахаар тараасан. Тухайн үед өвгөн маань хүнд өвчнөөр унасан хэцүүхэн л үе байлаа. Ингээд би 2000 оноос анх талхаа хийж эхэлсэн. Талхаа борлуулахын тул хүмүүсийг гуйгаад явдаг байсан. Эгч нь нэг ийм талх хийсэн юм, амсаад үз, гээд л. Зарим үед бүр талхаа үнэгүй тараадаг байсан. Мэдүүлэх гэж. Ингээд өдөрт 5 талх хийж тараасаар хүмүүс мэддэг болж, сүүлдээ асууж эхэлсэн. Өглөө бүр шинэ талх айлын ширээн дээр байх гоё шүү дээ. Шинэ талхны үнэр нь ханхлаад үнэхээр гоё. Миний амьдралыг өөд нь татсан талхандаа би их хайртай. Би хаана л үзэсгэлэн худалдаа гарна түүнд очиж оролцож явсаар энэ талхаа “Сэлэнгийн том талх” гэдгээр нь таниулж чадсандаа их баяртай байдаг. Өглөө 5 цагт босоод өөрөө хөрөнгөө хийгээд л талхаа хийнэ шүү дээ.

Сэлэнгийн том талхны амтны нууц хмелийн ургамалд байдаг

 -Таны талхны сайхан амт, хмел гэдэг ургамалд байгаа гэж та хэлж байсан. Энэ аргыг хэнээс сурч, эзэмшив. Энэ талаараа сонирхуулаач?

-Энэ хмелийн талх чинь анх төмөр замаас гаралтай юм шүү дээ. Тухайн үедээ 300 төгрөгөөр гардаг байлуу даа. Цаг үеийн байдлаас болоод тэр төмөр замын талх маань байхгүй болсон. Миний нэг хамаатан хмел ургамлаар исгэж амтлаад талх хийдэг байсан юм. Тэгээд буурай минь надад талх хийхийг зааж өгч сургасан. Зуны цагт 700-800 талх гарна. Даанч галын талх болохоор их удаан гарна. Цагт 4-5 талх л гарна. Том талх чинь удаан хөөнө. Хмелийн хөрөнгө гэдэг чинь зүгээр нэг  исэхгүй 6 цаг болж байж иснэ. Тэгээд тэр хөрөнгөөсөө тасалж гурилаа зуурна. Дахиад хөөлгөнө тэгээд талхаа хийнэ. Ажил ихтэй дээ. Талх амт оруулдаг хамгийн гол юм чинь хөрөнгө. Хөрөнгөөр л талх хийнэ. Тэр хмел гэдэг сайхан амтат ургамал чинь л сайхан хөрөнгө болж талхыг амт оруулж байгаа юм. 

-Таны тэр буурай гээд байгаа хөгшин чинь хэн гэдэг хүн байв. Танай удамд өөр талх хийдэг хүн байв уу. Ер нь талх гэдэг өдөр тутмын амттанг хэрхэн яаж, хүний хэрэгцээнээс гарахааргүйгээр амттай хийдэг талаараа хуваалцаач?
-Миний өөрийн хамаатан 80 гаруй настай Сэсээр гэдэг хүн бий. Ховд аймгийн Цэцэг суманд амьдарч байгаа. Надад заахын хажуугаар өөрийнхөө үр хүүхдүүдэд ч талх хийхийг зааж өгсөн сайхан буурал бий. Одоо хүртэл сургуулийн хүүхдийн цайны талхыг хийж байгаа. Манайхан үе уд
ам дамжсан талхчин хүмүүс. Би Ховдын гаралтай хүн. Миний аавын талын хамаатнууд бүгд гэрээрээ талх хийдэг байлаа. Дээр үед сургуулийн хүүхдүүдийн дотуур байрны талхыг хийж өгдөг байсан юм. Би сэтгэлээ шингээж хийсэн болохоор талх минь сайхан амттай болдог.  Ер нь дуковкны талх чинь нялцгай цагаан талх болдог юм. Өглөө бүр шинэ талх энэ чанараа битгий алдаарай гээд хүмүүс их л ярьдаг. Би их баярладаг. Галын утаа үнэртсэн талх маш гоё.

-Та өдөрт хэчнээн талх үйлдвэрлэж байна. Хэдэн төрлийн талхтай болов. Үр хүүхдүүд тань хамтарч байгаа юу. Таны цех нэлээд өргөжсөн харагдана. Хэдэн хүнийг ажлын байраар хангаж байгаа вэ?

-Би талхаа бага хүүдээ өвлүүлж өгсөн. Миний хүү 5-6 хүнийг ажлын байраар хангаад талхаа үйлдвэрлэж байгаа. Хүү маань хийсэн талхаа Дархан-Уул аймаг руу нийлүүлдэг. Өдөр өнжөөд 400-500 талх Дархан-Уул аймаг руу явж байна. Би өөрөө эндээ Сэлэнгэдээ талхаа нийлүүлдэг. Зун болохоор том талхны эрэлт улам ихэсдэг юм. Энд тэндээс хүмүүс утасдаад захиалаад талх авна шүү гэдэг. Би чадлаараа л хийж өгдөг. Манайх буриад маягийн гоё зуухтай. Зуухан дээр, гал дээр хийсэн талх цаанаасаа болц сайтай, хөрс сайтай, амттай болдог. Утаа үнэртсэн галын талх гэдэг чинь их өөр шүү дээ. Манайх дандаа монгол аргаар талх хийдэг. Эгч нь өнөөдөр үр хүүхдүүдтэйгээ нийлээд 12 хүнийг ажлын байраар хангаж байгаа. Хамгийн доод талын цалин өдөрт  25000 мянган төгрөгөөр цалинжуулдаг. Олон жил ажилласан сайхан хүмүүс бий. Талхыг минь сайхан хийгээд өгдөг, ажил нь гарт нь орсон хүмүүс бий. Гол нь амтай байх хэрэгтэй. Манай ажилчид орой 21 цагт гараад, өглөө 9 цагт буудаг. 3 ээлжээр ажилладаг. Өвөлдөө жаахан буурдаг. Зуны цагт өдөр урт болоод талхны хэрэглээ ихэсдэг. 
-Таны талх нэг үеэ бодоход олонд танигдчихлаа. Хол ойроос захиалга их ирнэ биз. Бас хамтарч ажиллах санал ирж байв уу?

-Сэлэнгэ брэндийн талхаа авьяа гээд ирэхээр нь би их баярладаг юм. Санал тавих асуудал бий. Зөндөө ирсэн. Би өө, эгч нь чадахгүй гэдэг. Өөрийнхөө бололцооныхоо хэрээр савныхаа хэмжээнд л хийж байгаа нь боллоо. Өшөө шунаад ч яахав. Улаанбаатар хотоос том том хүмүүс манайтай хамтран ажиллая, таны талхыг том том супермаркетад нийлүүлье. Улаанбаатарт сайхан байр бариад өгье гэдэг. Эгчид нь тийм хүчин чадал байхгүй ээ гэдэг. Зүгээрээ хоолны бага нь амттай. Эндээ л байя. Би олон дэлгүүрт өгдөг. Бүгд л дууссан байдаг. Сумд руу захиалгаар хүргүүлдэг. Орхон жимс ногоо, Улаан толгой руу би тээшинд хийгээд л явуулдаг.

-Аливаа ажил явуулахад дардан байхгүй нь мэдээж. Танд шантарч халшрах үе байв уу?

-Байсан байсан. Гурил будаагаа авч чадахгүй байх. Талхаа өгөх газраа олохгүй байх гээд . . . Тэр бүхнийг чинь тэвчиж байж л бэрхшээл бүхнийг давж гарна шүү дээ. Хамгийн гол нь би шантрахгүй л зүтгэх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Өөрөө би дэлгүүрт аваачиж өгдөг байлаа. Эгч нь анх удаа талх хийж байгаа юм. Үүнийг амсаад үз гээд заримыг нь үнэгүй хүртэл өгч байсан. Тэгээд хүмүүс өө ёстой гоё юм байна. Таны талх зарагдсан шүү, дахиад хийгээд ирээрэй гэхээр нь урамшаад талхаа хийсээр л байсан. Ийм үг сонсохоороо баярлаад талхаа хийх гээд гэр лүүгээ яардаг юм билээ. Тэгээд намайг ингэж байх үед миний ханийн дүү надад нэг зуухаа өгсөн. Эгч минь олон нялх хүүхэдтэй үлдлээ гээд. Ханиасаа хойш гадаа гарч эр, гэрт орж эм болох үед надад бишгүй байсан. Хүн шантрахгүй байж л юмны ард гардаг юм байна. Зарим үед түлээ мод, гурил будаа байхгүй байх, хүн хүч дутагдах гээд бэрхшээл их гардаг байсан. Одоо сайхан байна аа.

Ажилгүй хүн сайхан амьдарч чадахгүй

-Таны энэ хөдөлмөрч зан чанар хэнээс өвлөгдсөн юм бол. Таны ээж талх хийдэг байсан уу. Та хүүхдүүддээ юуг эрхэмлэж хэлж, захидаг вэ?

-Миний ээж сургуульд насаараа тогооч хийсэн хүн. Хүнс дагасан хүн хоолтой явдаг гэж ээж минь хэлдэг байлаа. Ээж минь бас сайхан амттай талх хийдэг байлаа. Ээжийн минь хэлж байсан үг үнэн юм даа. Зарим үед ээжийнхээ хэлсэн үгийг дагаагүй үүнийг нь хийчихгүй яаваа гэж боддог үе гардаг юм. Би хүүхдүүддээ ажил төрлөө сайхан хийгээд үр хүүхдээ сайхан өсгөөрэй гэж захидаг. Ажилгүй хүн сайхан амьдарч чадахгүй. Би талхаа бага хүүдээ өвлүүлээд өгсөн. Хүүхдүүд, бэрүүд маань талхаа сайн хийж байгаа. Миний хувьд ийш тийшээ явахаараа талх руугаа санаа зовоод, хаяад явчиж чаддаггүй юм.

-Та талхныхаа уут савыг өөрчилсөн харагдана. Ер нь аливаа бүтээгдэхүүний хаяг шошго, сав баглаа боодол сайхан байх чинь бас хүмүүсийн анхаарлыг татдаг юм шиг. Та хэр олон үзэсгэлэн худалдаанд оролцов. Шагнал урамшил их авсан байх даа?

-Би жижиг талхандаа дахиад нэг уут хийж байгаа. Миний том талх чинь улаан ууттай. Хүмүүс улаан ууттай талх авья гэдэг. Би их баярладаг. Би талхтайгаа олон үзэсгэлэн худалдаанд оролцсон. Их ч шагнал хүртсэн. Тэгээд 2013 онд аймгийн хөдөлмөрийн аварга болж байсан. Энэ үед би их баярласан. Бүтэн жил миний зураг аймгийн самбарт байрласан. Хөгшин ч гэсэн намайг гололгүй манай дарга нар миний хөдөлмөрийг  үнэлж байгаад би их баярласан. Шилдэг хүнс үйлдвэрлэгч, шилдэг талх үйлдвэрлэгч гээд л . . .

Шагнал авах чинь их сайхан шүү дээ. Ер нь шагнал гэдэг чинь хүнийг урамшуулж, улам л урам зориг хайрладаг юм шүү дээ. Шагнал авчихаад би дараа нь шөнөжин бодоод л хонодог. Ийм шагналын хариуд би юу хийх вэ, юу өгөх вэ гээд. Надад аймгийн хөдөлмөрийн аварга бий. Загасны Алтанцэцэг гэдэг хүн бид хоёрыг Хөдөлмөрийн хүндэт медальд тодорхойлсон юм. Тэгээд хариу нь ирээгүй. Хүмүүс намайг дахиад өг л гэдэг. Би яахав дээ гээд л сууж байдаг. Ер нь хүн урмаар явдаг амьтан юм билээ.

-Сайны хажуугаар саар гэдэг. Таны талх мэдээж үргэлж магтуулж байгаагүй болов уу. Хүмүүсээс янз бүрийн үг сонсож байв уу?

-Өө сонсолгүй яахав. Зарим нь хөрс зузаан байна. давсгүй байна гэх мэтээр үг хэлнэ ээ. Би тэр бүгдийг хүлээж авдаг. Дор дор нь алдаагаа засаад л явдаг. Зарим шүүмж хүнийг улам л урагш нь ахиулах шат болж өгдөг юм шүү дээ. Миний талх чинь галаар жигнэж хийдэг болохоор хөрс нь сайхан зузаан болдог юм гэхээр аан тийм үү, галын талх юм уу гээд л явдаг. Юм дандаа дардан байна гэж юу байхав. Юм юм байлгүй яахав. Би тэр бүгдийг хүлээж аваад дор дор нь дутагдлаа засаад л явдаг. Сайхан, муухай зүйл байна аа.

-Нэгэнт хөлс хүчээ зориулан байж бий болгосон таны том талх хэвээрээ л үлдэнэ. Цаашид өөр бодож төлөвлөсөн зүйл бий юу. Тухайлбал нэр төрлөө олшруулах, өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хийх гэх мэтээр?

-Байгаа байгаа. Өшөө илүү амттай болгох санаа бий. Миний хамаатан нэг танил амтат гоё талх хийдэг. Түүнийг бас өөртөө турших бодолтой байгаа. Би талхаа өсгөсөөр 6 төрөл болгосон. Сүүлийн үед хар талх хийж байгаа. Хүмүүс бас л сайхан болж байна гэсэн.

-Хар талхаа та ямар технологиор хэрхэн хийж байна. Таны талхнуудын төрөл зүйл юу билээ?

-Алтан тарианы бүхэл үрийн 2-р гурилаар хийдэг. Тусгай хар талхны бүхэл үрийн гурил гэж байдаг юм. Том талх, бөөрөнхий талх, дөрвөлжин талх, зүсдэг талх, хар талх, загасан талх. Одоо би буриад талх хийж үзэх гээд бэлдэж байгаа. Буриад улсын Хиагтад очоод талхан цехийг нь судалсан. Оросын талх зөөлхөн, аманд орохоороо алга болчихдог юм билээ. Би хүнсний газраар явахдаа дандаа талх харж явдаг. Бусад хүмүүсийн хийдэг талхыг би дандаа харж, амсаж явдаг.
-Таны талх Сэлэнгэ аймгийн брэнд бүтээгдэхүүн гэсэн хаягтай. Үндэсний тохирлын гэрчилгээгээ ч авсан
байна. Манай аймагт олон төрлийн талх үйлдвэрлэдэг хүмүүс байгаа. Тэндээс туршлага судлах гэж хүмүүс тань дээр их ирдэг үү?

-Ирдэг. Мэдэх чадах юмаа хэлээд л явуулдаг. Гэхдээ бүтээгдэхүүний өөрийн онцлог, эзэн хүний өөрийн баримталдаг  нууц жор гэж бий. Бусдад хамаагүй дэлгэхгүй. Миний “Сэлэнгэ талхан цех”-ийн талхны амт өөрийн гэсэн нууц жор, арга барил бий. Би талхнаасаа өөр нарийн боовны цех байгуулна гэсэн зорилготой ажиллаж байгаа. Цехээ өргөжүүлэхээр хүүхдүүд тоног төхөөрөмж орууулж ирж байгаа. Манайх хэрчсэн гурил хийдэг. Сэлэнгэ хэрчсэн гурил гэж бий. Одоо хийнэ. Мөн хэлбэр дүрсээ өөрчилж болно. Гагцхүү хэвээ хийчих юм бол. Хүүхдүүдэд зориулсан жижиг төрлөөр ч  хийж болно. Иймээс хэв дагаад өөрчлөгдөнө. Хэвээ би өөрөө хүнээр хийлгэдэг.

-Амжилтад хүрсэн хүний үг эрдэм болно. Та хүмүүст юу гэж хэлэхсэн бол?

-Махгүй боллоо гэхэд талхаа идээд хононо шүү дээ. Ингээд бодоход надад сэтгэлд зовох юм алга. Энэ минь яана, тэр минь яана гэх бодол алга болсон. Хүн хөгшин ч гэхгүй хөдөлмөрлөж чадвал л амьдрал байна. Сэтгэлээ шингээсэн бүхэн аяндаа бүтдэг.
Манай ажилчид цалин мөнгө өндөр сард 10 удаа гараад 500-600 мянган төгрөг авдаг. Дандаа нас тогтсон хүмүүс ажилладаг. Зовох нэг цаг байхад жаргах нэг цаг хүнд байдаг л юм байна. Би зовох цагтаа зовж байсан. Талхандаа миний сэтгэл шингэсэн. Өглөө босоод талхаа харахад сэтгэл их өег байдаг. Өглөө би сайхан сүүтэй цайгаа чанаад хүүхнүүддээ бариад ордог. Сайхан цайгаа чанаад өгөх би дуртай. Би хүмүүсдээ амьдралд нь аль болох туслахыг боддог. Ажлаа сайн бүтээгээрэй гээд нэг өдрийн цалинтай чөлөө ч өгөөд явуулдаг.
Хүн ер нь юм юм руу самгардаж болохгүй. Нэг хийсэн зүйл рүүгээ зүтгэсээр байгаад дээшээ гарах хэрэгтэй. Сэтгэлээсээ л хийх хэрэгтэй. Муухай ч байсан сэтгэлээ шингээж зүтгэсэн хөдөлмөр үр дүнгээ өгдөг юм шүү.

 

Холбоотой мэдээ