Латин Америкт халдварын тохиолдлын тоо сарын дотор гурав дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-25 16:07:45

ВАШИНГТОН. /CNN/. “Манай байгууллага Латин Америкийг цар тахлын шинэ голомт болсныг мэдэгдсэнээс хойш тус бүс нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо гурав дахин нэмэгдлээ” гэж Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын /ПАЭМБ/ тэргүүн Карисса Этьен мэдээлжээ.


“Латин Америк цар тахлын шинэ голомт болсныг би өнгөрсөн тавдугаар сард зарласан. Түүнээс хойш Латин Америкт илэрсэн халдварын тохиолдлын тоо гурав дахин нэмэгдлээ. Тавдугаар сарын 23-нд 690 мянга орчим байсан уг үзүүлэлт өнөөдөр хоёр сая даваад байна” гэж К.Этьен лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.


ПАЭМБ-ын тэргүүний мэдээлснээр, сүүлийн үед илэрч буй халдварын тохиолдлуудын дийлэнх нь Төв Америкт бүртгэгдэж байгаа бөгөөд Карибын тэнгисийн орнуудаас Хаити, Доминиканы хил дээр халдвар голомтлон тархсанаас гадна Өмнөд Америкийн хойд хэсэгт халдвар их тархжээ.


“Өмнөд Америкийн орнуудаас Бразилд халдвар авсан хүний тоо нэг сая давснаар халдварын тохиолдлын тоо нь долоон оронтой тоонд хүрсэн хоёр дахь орон болсон. Сүүлийн үед халдварын тохиолдлууд улам нэмэгдэж байгаад бид ихээхэн санаа зовниж байна” гэж тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ