Гадаадаас ирсэн 10 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-24 13:44:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-д нэгдүгээр сараас хойш гадаад улсаас эх орондоо ирсэн 10 200 гаруй хүнд коронавирусний тандалт судалгаа,  шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр короновирусээр халдварласан 215 тохиолдлыг илрүүлж, өнөөдрийн байдлаар 78 хувь буюу 168 хүн эдгэрсэн байна. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Коронавирусээр халдварласан нийт тохиолдлын 93 хувь нь Монгол Улсын иргэн бөгөөд 15 хүртэлх насны 8 хүүхэд, 55-аас дээш насны 11 хүн байна. Нийт батлагдсан тохиолдлын 65 хувь нь 16-24 насны оюутан, залуучууд байна” хэмээв.

 

Өвчтөнүүдийн 30 хувь  нь шинж тэмдэг балархай, 58 хувь нь хөнгөн, 12 хувь нь хүндэвтэр, нэг хувь нь эмнэл зүйн хүнд явцтай байна. Эдгэрсэн иргэдээс сувилалд 80, гэрийн хяналтад 60 хүн байгаа бол 20 иргэний ажиглалтын хугацаа дуусжээ. Короновирусээр халдварласан иргэд 14-60 хоног буюу дунджаар 30 хоног эмчлүүлсэн байна. Хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдэг 34-49 хувьд, 13-22 хувьд суулгах, ядарч сульдах,  нус гоожих шинж тэмдэг илэрсэн байна.

 

Түүнчлэн иргэдийн дунд томуугийн тандалтын сорьцыг нэмэгдүүлэн, долоо хоногт 90 сорьцод шинжилгээ хийжээ. Ховдын салбар лаборотори энэ долоо хоногоос эхлэн Увс аймагт байрладаг хилийн нэвтрэх цэгээр зорчиж буй ачаа тээврийн жолооч нарт шинжилгээ хийх аж.

 

И.Даваадорж

 

 

Холбоотой мэдээ