“Шилмэл мал” хөтөлбөрийн хүрээнд малын үүлдэр угсааг сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-23 14:03:25

Ховд /МОНЦАМЭ/. "Шилмэл мал" хөтөлбөрийн хүрээнд герефорд болон сэлэнгэ үүлдрийн 50 бухан бярууг зарим суманд нийлүүлсэн гэж Ховд аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Тодруулбал, Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Шилмэл мал хөтөлбөрийн хүрээнд малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шим нэмэгдүүлэх чиглэлд олон талт ажил хийж байгаа.

Энэ удаа герефорд үүлдрийн өсвөр насны 30 бух, сэлэнгэ үүлдрийн 20 бухан бярууг Ховд аймагт авч ирж, уулын бүсийн сумаас бусад суманд нийлүүлэх ажлыг зохион байгуулжээ. Эдгээр өсвөр насны хээлтүүлэгч эцэг мал нь дараа жилээс төл өгч эхэлнэ.

Герефорд нь махны чиглэлийн үүлдэр юм. Нядалгааны гарцын хувьд монгол үхрээс 60 хувь ашиг шимтэй. Харин мах сүүний чиглэлийн сэлэнгэ үүлдэр нь нядалгааны гарцаар 40 хувийн ашиг шим өгдөг гэж тодорхойлогддог аж.    


Холбоотой мэдээ