18 сум, 5 тосгонд халдваргүйжүүлэлт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-23 15:46:30

Хэнтий /МОНЦАМЭ/ Шинэ коронавирусний халдвараас сэргийлж, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт нийт 118936 мкв талбайд халдваргүйтгэл хийжээ.

Тодруулбал, аймгийн Засаг даргын 2020 оны А/177 дугаар захирамжийн дагуу 18 сум, 5 тосгонд халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулсан аж.

Нийтийн цэвэрлэгээнд 5916 өрх айл, 875 байгууллага аж ахуйн нэгж идэвхтэй оролцож, 865098 мкв талбайг цэвэрлэн 594 тн хог зайлуулаад байна. Мөн аймгийн хэмжээнд 407 үйлчилгээний байгууллагын үүд, гадна талбай болон хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, цэцэрлэгт хүрээлэнд халдваргүйтгэл хийжээ. 

Хэрлэн сумын нийтийн эзэмшлийн талбай болон үйлчилгээний байгууллагуудын үүдний хэсэг, төв замын дагуу хашаа хайс, автобусны буудал, машины зогсоолуудад хоёр удаа, 62 орон сууцны 108 орц хонгилд гурван удаа халдваргүйтгэлийн арга хэмжээг ЗДТГ, ОБГ, СӨХ-тэй хамтран явуулсан байна.

Хэрлэн сумын ЗДТГ-аас гэр хорооллын айлуудын 3343 нүхэн жорлон, 66860 мкв бохир усны цооног орчмын хөрсийг халдваргүйжүүлж, 976 нохойг тоолж гэрчилгээжүүлэх, туулга вакцинд хамруулах ажлыг МЭГ, ЗӨСТ-тэй хамтран зохион байгуулжээ.

Шинэ вирусний халдварын тархалтын тоо хөрш орнуудад буураагүй, гадаадын улс орноос иргэдээ татан авч дуусаагүй байгаа зэрэг халдварын эрсдэл их байгааг анхаарч иргэд та бүхнийг ариутгал халдваргүйжүүлэлтийг гэр орондоо болон ажил үйлчилгээндээ тогтмол хийж, өөрийгөө болон бусдыг халдвараас сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.  

Холбоотой мэдээ