Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-22 13:38:26

Хэнтий /МОНЦАМЭ/ Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэд байгуулсан талаар сурвалжиллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн төслийн захирал Т.Энхтуяа, аймгийн ХХҮГ-ын дарга С.Эрдэнэжаргал, залуучуудын төлөөлөл 10 залуу оролцлоо.

Тус загвар төв нь хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах аж.

Түүнчлэн, залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг 4-5 долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлэх бөгөөд энэ явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ажлын ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болно. Сургалтад хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж мөн бүрдэх юм. Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучууд тусгайлан зориулсан Модуль сургалтад хамрагдаж, бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэгтэй болох боломжтой.

Шинэлэг үйлчилгээний зорилтот бүлэг бол 15-34 насны залуучууд бөгөөд үүнд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, коллеж, их дээд сургуулийн оюутан, төгсөгчид, ажил хайгч бүртгэлтэй болон бүртгэлгүй залуус хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар төслийн хүрээнд тус загвар төвийг 13 аймаг, 3 дүүрэгт тус тус байгуулж, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагааг Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хэрэгжүүлж байна. Загвар төвд шаардлагатай тавилга, компьютер хэрэгсэлд төслөөс нийт 25 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, төвийн ажилтнуудыг шат дараалсан сургалт, чадавх бэхжүүлэх арга хэмжээнд хамруулж байна.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар холбогдож авна уу.

Утас: 77116171,    И-мэйл: info@yep-gfa.mn

Хэнтий аймгийн Загвар төвтэй холбоотой мэдээллийг Б.Энхцолмон /80274589/, Т.Алтаншагай /92116768/ нарын мэргэжилтнүүдээс авах боломжтой юм.

 

Холбоотой мэдээ