Халдвартай хүмүүсийн 68 хувь нь эдгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-06-20 11:36:58
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр манай улсад коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй бөгөөд өнөөдөр 7 хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Өчигдөр ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид 62 хүнд шинжилгээ хийжээ. Үүнд ажиглах байранд тусгаарлагдсан 3, УНТЭ, Баянзүрх дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, Дорноговь аймгийн Замын-Үүдийн эмнэлгээс тандалтын зорилгоор цуглуулсан 7, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн 42 жолоочийн шинжилгээ багтсан бөгөөд бүгд сөрөг гарчээ.


Өнөөдөр эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжиж байгаа 7 хүний 6 нь оюутан, 1 нь иргэн байна. 6 оюутны 4 нь ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнууд аж.


Ингэснээр манай улсад Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 204, үүнээс эдгэрсэн хүний тоо 139 болж, нийт халдвартай хүмүүсийн 68 хувь нь эдгэрээд байна. Одоо ХӨСҮТ-д 65 хүн эмчлүүлж байгаа бөгөөд 57 хүний биеийн байдал хөнгөн, 8 хүнийх хүндэвтэр байна. 


Холбоотой мэдээ