“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-19 10:19:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бодлын зэрэглээ” нэрт Монгол, Голландын уран бүтээлчдийн хамтарсан бүтээлээр “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг өчигдөр буюу энэ сарын 18-нд нээлээ. 


Монгол дахь Гёте институт, Нидерландын TodaysArt наадам хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж буй уг наадам энэ онд “Зэрэглээ” сэдвийн дор болж байна. “COVID-19” цар тахлаас сэргийлэх үүднээс цахимаар зохион байгуулж буй наадамд Монгол, Голланд, Герман улсын 12 уран бүтээлч, хоёр медиа урлагийн бүтээлээр оролцож байгаа юм. Наадам ирэх сарын 8-нд өндөрлөнө.


Наадмын нээлтийн үеэр Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, “Медиа урлагийн бүтээл цахим хэлбэрээр олон нийтэд хүрч буй учир давуу талтай. Угаас уран бүтээл видео байдлаар хүрэх учир цахимаар үзэхэд илүү ойлгомжтой. Цаг үеийн байдлаас хамааран агуулга, зохион байгуулалтын шилжилтийг маш хурдан хийсэн. Тухайн уран бүтээлийн агуулга, мэдрэмжийг олон нийтэд цахимаар ойлгомжтой хүргэхэд анхаарсан” хэмээв.


Медиа уран бүтээлч Ж.Дархижав, “Монголын гурав, Голландын нэг уран бүтээлч хамтран нэг сэдвийн дор өөр өөрсдийн туурвих арга барил, уран бүтээлийн санаагаа нэгтгэсэн. Хоёр сарын өмнөөс бэлдэж, сар гаруй хугацаанд бүтээлээ хийлээ. Хамгийн гол нь энэ наадмын цар хүрээ хумигдаж, өөрчлөгдсөн. Өмнө нь уран бүтээлч юу хэлэхийг зорьж байна тэр сэдвээрээ туурвидаг байсан. Энэ удаа зохион байгуулагчаас өгсөн сэдвийн дагуу уран бүтээлчид өөр өөрийнхөө аргаар хийж буй учир товч, сонирхолтой байна” гэлээ. 


И.Даваадорж

Холбоотой мэдээ