БНХАУ олзолж авсан Энэтхэгийн цэргүүдийг суллажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /RIA Novosti/. Гурав хоногийн өмнө хоёр улсын хилийн бүсэд болсон мөргөлдөөний үеэр олзлогдсон Энэтхэгийн 10 цэргийг Хятадын тал сулласан тухай “Hindu” сонин аюулгүй байдлын албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Тус сонинд мэдээлснээр, Энэтхэг, Хятадын цэргийн командлалын төлөөлөгчид хэлэлцээ хийсний дараа цэргүүдийг пүрэв гаргийн орой сулласан байна. Олзны цэргүүдийн дунд нэг дэд хурандаа, гурван хошууч байгаа бөгөөд тэднийг бүтэн бүлээн, амьд мэнд буцаасан гэж тус сонинд онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн Энэтхэгийн цэргүүдээс нэг нь ч сураггүй алга болоогүй гэдгийг тус улсын командлал тэмдэглэсэн байна.
Даваа гаргийн орой Галван хөндийд Энэтхэг, Хятадын цэргүүд мөргөлдсөний дараа хоёр улсын хооронд шинэ хурцадмал байдал эхэлсэн юм. Ладакх мужийн Галван хөндийд Хятадын цэргүүдтэй мөргөлдөх үеэр Энэтхэгийн нэг офицер, хоёр цэрэг амиа алдсан гэж тус улсын армийн төлөөлөгч мэдээлжээ. Хожим нь “ANI” агентлаг эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, Энэтхэгийн талаас 20 цэрэг амиа алдаж, Хятадын талаас амь үрэгдсэн болон хүнд шархадсан цэргүүдийг оруулаад 43 хүн хохирсон гэсэн байна.