Хондурасын Ерөнхийлөгч коронавирусний халдвар авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БОГОТА. /TASS/. Хондурасын Ерөнхийлөгч Хуан Орландо Эрнандес коронавирусээр халдварласан тухайгаа мэдэгджээ. Тэрбээр мягмар гарагт үндэсний телевизээрээ үг хэлэхдээ ийм мэдэгдэл хийсэн байна.
“Улс орны Ерөнхийлөгчийн хувиар, иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргийн дагуу энэ амралтын өдрүүдэд миний бие тааруу байсныг мэдээлэхийг хүсэж байна. Би коронавирусний халдвар авсан болохыг өнөөдөр надад мэдээлсэн” гэж тэрбээр мэдэгджээ.
Хондурасын Ерөнхийлөгч мөн эмч нар түүнд тайван байхыг зөвлөсөн боловч тэрбээр алсын зайнаас, ажилтнуудынхаа тусламжтай ажлаа үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдсэн байна. Түүнд өвчний шинж тэмдэг хөнгөн илэрч байгаа бөгөөд эм ууж эхэлснээс гадна бие нь сайжирч байгаа аж. Хондурасын Ерөнхийлөгчийн гэргий Ана Гарсия мөн халдвар авчээ.
Хондураст халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 11-нд бүртгэгджээ. Одоогийн байдлаар тус улсад 10 мянга гаруй хүн халдвар авч, нас барсан хүний тоо 300 давсан байна.