Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг саатууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдүүдийг илрүүллээ.
Говь-Алтай, Баянхонгор, Өвархангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах, худалдааны төв, эмнэлэг, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж байгаа иргэдийн цүнх, халааснаас гар утас, эд зүйлийг нь хулгайлдаг Б, Ж, Х нарын бүлэг этгээдүүдийг баривчилжээ. Тэд өмнө нь халаасны болон орон байрны хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж, ял шийтгүүлж байжээ.
Одоогийн байдлаар таван удаагийн үйлдлээр иргэдэд таван сая төрөгийн хохирол учруулж, хулгайлсан эд зүйлээ Улаанбаатар хотод борлуулдаг болох нь тогтоогдсон байна. Иймд иргэдийг олон нийтийн газраар явахдаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн газраас анхааруулаа.