Чингис хотод “Нандин” өв соёл урлан нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-06-15 18:12:24

Хэнтий /МОНЦАМЭ/ Соёлын биет бус өв соёлын “Нандин” гар урлалын анхны урлан Чингис хотод өнгө нэмэн үүдээ нээлээ.

Үндэсний үнэт өв соёлоос суралцаж, өөрийн хобби болгон хөгжүүлсэн Ж.Эрдэнэсувд таван жилийн өмнөөс өөрийн урлантай болох мөрөөдөлдөө хөтлөгджээ. Тэрээр эмч мэргэжилтэй бөгөөд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар банкны эрхлэгч ажилтай. Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж байгаа учир гадна дотны жуулчдад үндэсний өв соёлоо таниулах, тус урлангаар зочлох боломжтой болж байна. Мөн даалин урлах хүсэлтэй бүсгүйчүүдэд сургалт явуулах юм.

Нөхөртөө зориулж анх даалин урлаж байсан Ж.Эрдэнэсувд одоогийн байдлаар 50 гаруй бүтээл урлажээ. Нэг даалин урлахад хагас жилийн хөдөлмөр ордог тул бүсгүй хүнээс тэсвэр тэвчээр, ур чадвар, ухаан, хичээл зүтгэл шаарддаг байна. Түүний багш С. Ганцэцэг Монголын уран хатгамалчдыг дэмжих Эгнэшгүй санаа төвийн гүйцэтгэх захирал, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран хатгамлын багш, Монгол Улсын Уран хатгамалч юм. Тэрээр маш олон шавьтай ч түүний дотор Ж.Эрдэнэсувд шиг хичээнгүй хөдөлмөрлөж, урлангаа нээсэн шавь хараахан байхгүйг онцолж байлаа.

Холбоотой мэдээ