Монгол Улсын Шадар сайд Дорноговь аймагт ажиллаж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-15 17:06:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ажлын баг Дорноговь аймагт ажиллаж Засгийн газраас тус аймагт хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалттай танилцав. 


Тухайлбал, Газрын тосны үйлдвэрийн ерөнхий танилцуулга, газрын тосны үйлдвэрийн хотхоны барилгын явц, 50 ортой амаржих эмнэлэгтэй танилцан тулгамдсан зарим асуудлыг Засгийн газарт уламжлахаар боллоо.


“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн сургууль, цэцэрлэг оффис үйлчилгээтэй хотхоны барилгын 11 объектын ажил өнгөрсөн оны наймдугаар сард эхэлсэн. Хотхоныг 2020, 2021 онд тус тус 2 ээлжээр ашиглалтад оруулна. Эхний ээлжинд ашиглалтад орох оффис үйлчилгээний цогцолбор, 95 айлын орон сууц 2, 40 айлын орон сууц, 32 айлын үйлчилгээний талбай бүхий орон сууцын барилгыг аймгийн “Барилгачдын холбоо” болон “Хангай бигэр” ХХК барьж байна.



Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг “Мон инж бар”ХХК 2011 онд эхлүүлж, 2012 онд ашиглалтад оруулах байсан ч 7 жилийн хугацаанд барилгын ажил зогсоод байсан юм. Улмаар хоёр удаагийн Улсын Онцгой комиссын хуралдаанаар асуудлыг хэлэлцэн, холбогдох газарт үүрэг чиглэл өгснөөр шийдвэрлэсэн юм.



Тус 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаар 2017 оны есдүгээр сараас “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэснээр ашиглалтад ороход бэлэн болжээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ