Таны сонголтоор хэрэгжих мөрийн хөтөлбөрүүдийн заалтуудаас

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2020-06-11 17:01:11

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 15 нам 4 эвсэл 121 бие даагч оролцож байна. Тэд бүгд мөрийн хөтөлбөртэй. Төрийн Аудит хянаж үзээд бүгдийг нь хуульд нийцүүлсэн билээ. Иргэд тухайн нам, эвсэл, бие даагчдыг сонгосноор тэд ирэх дөрвөн жилд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой болно. Сонгуульд өрсөлдөж байгаа нам, эвсэл, бие даагчид иргэдийн амьдралыг дээшлүүлнэ, боломжийн цалинтай болгох талаар олон зүйл заалт мөрийн хөтөлбөртөө оруулжээ. Зарим нэг нам, эвсэлийн мөрийн хөтөлбөрийг авч үзье. Мөрийн хөтөлбөрүүдийн орон сууцтай холбоотой хэсгээс сонирхоё.


“Зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны урьдчилсан төлбөрийг бууруулах, чөлөөлөх үе шаттай арга хэмжээ авна. Анх удаа байр авч байгаа бага, дунд орлоготой иргэдэд 4-6 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, Хуримтлалын нэгдсэн сан, Үндэсний баялгийн сантай хамтарч төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан 150 мянган өрх, айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ. Хүн амыг орон сууцаар хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангасан 80 мянган айлын орон сууц “Бага өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг санаачлан 50 мянган айлын, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр (20 мянган айлын орон сууц)-ийг хэрэгжүүлнэ.  Энэ бол МАН-ын мөрийн хөтөлбөр дэх заалтууд.


Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө орон сууцны талаар ямар зүйл заалт оруулсныг харъя. “Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ипотекийн зээлтэй уялдуулна. Хот, хөдөөгийн иргэдээ зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр хувийн орон сууцтай болгоно. Залуу гэр бүл, гэр хорооллын айл өрхүүд, бусад зорилтот бүлгийн 100 мянган өрхийг түрээсийн орон сууцаар хангах ажлыг эхлүүлнэ” гэж тэд мөрийн хөтөлбөртөө онцолжээ. Цөөн өгүүлбэрт том санааг багтаасан байх юм.


Мөн “Шинэ суурьшлын бүс, дагуул хотыг хөгжүүлэхдээ төрийн өмчөөр зөвхөн төлөвлөлт хийж, дэд бүтцийг шийдвэрлэх ба барилгажилтын талбайг нээлттэйгээр дуудлага худалдаанд хамруулан хөрөнгө оруулалт босгох замаар орон сууцны хорооллыг өргөтгөнө. Залуу гэр бүлийн орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого баримтална. СӨХ-ны тогтолцоог эргэж харан, гажуудлыг засч, төгөлдөршүүлнэ”. Энэ бол Зөв хүн электорат эвсэл (ХҮН, Зүй ёс нам, МСДН )-ийн мөрийн хөтөлбөр дахь орон сууцны хүрээнд хэрэгжүүлэх заалт.


Тэгвэл “Гэр хорооллын газрыг дэд бүтцэд холбох ажлыг төрөөс зохион байгуулах буюу хувийн хэвшил, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар байгуулах бодлого баримтална. Дэд бүтцэд холбогдсон газрыг иргэддээ өмчлүүлж газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна.Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууцны корпорацийг нэгтгэн зохион байгуулж “Гэр хорооллын хөгжлийн корпораци” болгон өөрчилнө. Хашааны газраа өмчилсөн иргэд нэгдэн нийлж хоршоо байгуулан амины орон сууцны хороолол байгуулдаг олон улсын жишгийг төрөөс дэмжиж хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Өрх бүрийг стандартын шаардлага хангасан орон сууцанд амьдрах нөхцөлийг хуульчилна” гэж Шинэ эвсэл (ШИНЭ нам, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН) орон сууцны талаар баримтлах бодлогоо илэрхийлжээ. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцны хороолол болгох тухай хоёр эвсэл ижил санааг мөрийн хөтөлбөртөө оруулсан боловч нэр томьёо байр суурь нь өөр өөр байна. Зөв хүн электорат эвсэл шинэ суурьшлын бүсийг онцолсон бол Шинэ эвсэл гэр хорооллыг онцолсон байх жишээтэй.


Эдгээрээс гадна “Орон сууц шаардлагатай өрх бүрийг урт хугацаанд бага багаар эргэн төлөх нөхцөлөөр орон сууцжуулах “Өрх бүрт орон сууц” Үндэсний хөтөлбөрийг боловсруулан, хөгжингүй орны тэргүүн туршлагад тулгуурлан хэрэгжүүлэх боломж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын механизмыг бүрдүүлэх талаар бодлогын судалгааг хийж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусгана. Орон сууцаа томсгох, нөхцөлөө сайжруулах хүсэлтэй гэр бүлийг “Өрх бүрт орон сууц” Үндэсний хөтөлбөрт ижил нөхцөлөөр хамруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэж Та бидний эвсэл (МАХН, ИЗНН, УНН) мөрийн хөтөлбөртөө заалт оруулжээ. Бие даагчдын мөрийн хөтөлбөр тухайн сэдвийн талаар энэ хүрээнд байгаа гэж ойлгож болно. Яагаад вэ гэхээр тэдний мөрийн хөтөлбөрийг Төрийн Аудит хянаж хуульд нийцүүлсэн тул дээрхээс өөр байх боломжгүй. Нэгэнт оролцож байгаа нам, эвсэл, бие даагчдын тоо олон. Түүнийгээ дагаад хамрах хүрээ өргөн байгаа. Ийм учраас сонгуулийн мөрийн хөтөлбөрүүд дэх орон сууцны талаарх бусад заалтуудыг хязгаарлая. 


Иргэдийн мөрийн хөтөлбөрүүдээс хамгийн их шүүрдэж үздэг дараагийн зүйл заалт нь ирэх 4 жилд цалин яаж нэмэх вэ гэсэн асуулт байдаг. Ийм учраас дээрх нам, эвсэлүүдийн мөрийн хөтөлбөрт цалин хөлсний талаар хэрхэн юу тусгав гэдгийг авч үзэх нь зөв юм.


“Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. Бага цалинтай иргэдээс суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна. ЕБС, цэцэрлэгийн багш, ажилтны нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмж, урамшууллыг инфляцын түвшинтэй уялдуулж, үе шаттай нэмэгдүүлнэ. “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлж, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдэд ялгаварлалгүй олгоно. Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. “Насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлнэ”. МАН цалин хөлсний талаар дээрх заалтуудыг мөрийн хөтөлбөртөө оруулжээ.


Тэгвэл “Багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг бодитойгоор үнэлж, цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг улсын дунджид хүргэх, улмаар мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална. Эмч, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн бүтээмжийг бодитойгоор үнэлж, цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг улсын дунджид хүргэх, улмаар мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан үе шаттайгаар нэмэх бодлого баримтална. Төрийн өмчийн оролцоо бүхий соёлын байгууллагуудын бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөөг нэмэгдүүлнэ” гэж Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө оруулсан байх жишээтэй.


Мөн ”Ерөнхий боловсролын багш нарын дундаж цалинг улсын дундаж цалингаас багагүй хэмжээнд хүргэнэ. Хөдөө орон нутагт болон алслагдсан бүсэд багшлах багш нарыг төрөөс дэмжинэ. Үндсэн болон нэмэлт цалингийн өнөөгийн төвөгтэй тогтолцоог хялбаршуулж, үндсэн цалинд шингээн тооцдог тогтолцоонд шилжинэ. Төрийн албаны тухай хуулийг шинэчилж, төрийн үйлчилгээний албыг тусад нь бие даасан хуультай болгоно. Улмаар 5, 10, 20 жил багшилж буй багш нарт олгох нийгмийн халамж, хангамжийг нэмнэ. Эмч, эрүүл мэндийн ажилтнуудын цалинг улсын дундаж цалингаас багагүй хэмжээнд хүргэнэ”гэсэн заалт  Зөв хүн электорат эвсэл мөрийн хөтөлбөртөө оруулжээ.


Мөн “Эмч, эмнэлгийн ажилтныг ажлын ачаалал, ажлын нөхцөл, ур чадвар, чиг үүргээс хамааран хөдөлмөрийн үнэлэмжийг оновчтой болгох бодлогыг хэрэгжүүлнэ” гэж Шинэ эвсэл мөрийн хөтөлбөртөө оруулсан байх жишээтэй.


“Хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүд (0-2 нас)-д өөрсдийнх нь хүсэлтээр аль нэгт нь өнөөдөртөө санаа зоволгүй амьдрах хэмжээнд хүрэхүйц “баталгаатай орлого”-ыг олгодог тогтолцоонд үе шаттайгаар шилжинэ”. Та бидний эвсэл тусгайлан мөрийн хөтөлбөртөө оруулжээ. Эдгээр нь сонгуульд оролцож байгаа нам эвсэлүүдийн мөрийн хөтөлбөрт байгаа ижил төстэй заалтууд. Эндээс харвал эмч, багш нарын цалинг бусдаас илүү нэмэх бололтой.


Харин одоо дээрх нам, эвсэлүүдийн давтагдаагүй заалтуудыг авч үзье. Тухайлбал МАН-ын мөрийн хөтөлбөрийн “Ирэх дөрвөн жил хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Үндэсний баялгийн сан байгуулж, эдийн засгийн өсөлтийг хүн бүрт хүргэнэ. Бүс нутгийн дэд бүтцийн сүлжээг сайжруулж, хот, хөдөөгийн ялгааг багасгана. Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150 мянган ажлын байр шинээр бий болгоно. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, бензин, шатахууны үнийг 20-30 хувь хямдруулна. “Монгол мал–II хөтөлбөр”, “Атрын IV аян”-ыг зохион байгуулж, органик хүнс экспортлогч орон болно. Эрчим хүч экспортлогч орон болно. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын таатай улс болно. Жилд 1 сая жуулчин хүлээн авна. Өмнөх 4 жилийн амжилтаа бүх талаар ахиулан, хүчирхэг эдийн засагтай, чинээлэг иргэн бүхий орон болно” гэсэн заалт мөрийн хөтөлбөрийнх нь онцлог гэлтэй.


Тэгвэл “Цар тахалтай тэмцэх онцгой хөтөлбөр, багц хуулиудыг шинэ УИХ-ын анхдугаар хуралдаанаар гишүүд тангаргаа өргөнгүүт батална. Онцгой хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын 2020 оны төсвийн зардлыг ач холбогдлоор нь эрэмбэлж, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэж, уг хэмнэгдэж буй зардлуудыг иргэн, компаниудад хүндрэлийг давах зээл олгох зорилгоор банкуудад нэмэлт санхүүжилт өгөх буюу эдийн засгийг дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ. Эдийн засгийн онцгой нөхцөлд татварын өр үүсгэсэн аж ахуй нэгжүүдэд татварын  алданги,  хүү,  торгууль  ногдуулахыг  хориглоно. Ипотекийн зээлтэй иргэдийн зээлийн төлбөрийг Татварын ерөнхий хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу уян хатан шийдвэрлэнэ. Төрийн албан хаагчдын цалинг 2021 оны 6 дугаар сар дуустал баталгаажуулах, ажлын байрны хөдөлгөөн, халагдахыг хязгаарлана. Засгийн  газрын  гадаад, дотоод зээл, бондын 2021-2022 онд төлөх төлбөрүүдийг макро эдийн засгийн тогтвортой байдалд нийцүүлэн төлж барагдуулах эсхүл дахин санхүүжүүлнэ.” гэсэн Ардчилсан намын мөрийн хөдөлбөр дэх заалтууд бусдаас ялгарах онцлог нь болжээ.


Төрийн Аудит хянаж үзээд хөрөнгө мөнгө, эрх зүйн хувьд биелэх боломжтой гэж дүгнэсэн. Ийм учраас  аливаа нам, эвсэл, бие даагчдын мөрийн хөтөлбөрийг биелэхгүй амлалт гэж хэлэх боломжгүй.Таны сонголтоор хэрэгжих мөрийн хөтөлбөрүүдтэй сонгогч та сайн танилцаад  зөв сонголт хийгээрэй.

Холбоотой мэдээ