БНХАУ-д халдвар эрт тархсан байж болзошгүйг хиймэл дагуулын гэрэл зургууд харуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-06-10 10:36:44

ВАШИНГТОН. /BBC/. БНХАУ-ын Ухань хотын эмнэлгүүдийн гаднах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 2019 оны наймдугаар сараас илэрхий нэмэгдсэн нь тус хотод коронавирус эрт тархсан байж болзошгүйг харуулжээ.


Харвардын их сургуулийн судлаачдын мэдээлснээр, хиймэл дагуулын гэрэл зургуудаас үзэхэд Уханийн таван эмнэлгийн гаднах тээврийн хэрэгслийн хөдөлгөөн наймдугаар сарын сүүлээс 12 дугаар сар хүртэл нэмэгдсэн байна.


Мөн замын хөдөлгөөн нэмэгдсэний зэрэгцээ интернэтээр “ханиах”, “гүйлгэх” зэрэг шинж тэмдгийн талаар мэдээлэл хайх тохиолдол нэмэгджээ.


БНХАУ-ын хувьд уг судалгааг “инээдэмтэй” хэмээн тэмдэглээд, “өнгөц” мэдээлэлд тулгуурласан байна гэж мэдэгджээ.


Вирусийг Хятадад анх 11 дүгээр сард тархсан хэмээн үзэж байгаа бөгөөд тус улсын эрх баригчид үл мэдэгдэх үүсгэгч бүхий уушгины хатгалгаа өвчин голомтлон тархсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 12 дугаар сарын 31-нд мэдээлсэн юм.


“Коронавирусний цар тахал дэгдсэнийг тогтоохоос өмнө нийгмийн дунд ямар нэгэн үймээн үүссэн нь тодорхой байна” гэж судалгааны багийн ахлагч, доктор Жонс Браунстейн “ABC news” сувагт мэдээлжээ.


Судалгааны тухайд

Судлаачид арилжааны хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн Ухань хотын таван эмнэлгийн гаднах 2018 оны зун, намрын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны мөн үеийнхтэй харьцуулсан байна.


Жишээ дурдвал, Уханийн хамгийн том эмнэлгүүдийн нэг болох “Tianyou” эмнэлгийн гадна 2018 оны 10 дугаар сард 171 автомашин зогсож байсан бол 2019 оны мөн үед автомашинуудын тоо 285-д хүрсэн нь 67 хувиар өссөн үзүүлэлт ажээ.


Мөн тухайн хугацаанд Хятадын “Baidu” интернэт хайлтын цахим хуудсаар коронавирусний шинж тэмдэгтэй төстэй үгсийг хайх тохиолдол огцом нэмэгдсэн байна.


“Уханьд тухайн үед ямар нэгэн зүйл болсон гэдгийг энэ мэдээлэл харуулж байна. Цаашид яг юу болсныг нарийвчлан судлах шаардлагатай” гэж Ж.Браунстейн мэдээлжээ.


Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр, уг судалгааг маш инээдэмтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн гэх мэт өнгөц мэдээлэлд тулгуурлан дүгнэлт хийсэн байна гэж хэлжээ. 

Холбоотой мэдээ