Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, иргэдийн шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-09 11:32:32

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Эрүүл мэндийн газар “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл ажлын байр”, “Эрүүл мэндийг дээдлэгч өрх”, “Эрүүл мэндийг дээдлэгч иргэн”-ий болзлыг дүгнэн шагналыг гардууллаа.

"Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар аймгийн Цагдаагийн газар, Булган сумын Засаг даргын Тамгын газар, Булган сумын 4-р цэцэрлэг, "Эрүүл ажлын байр"-аар Бугат сумын Эрүүл мэндийн төв,Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286-р анги, аймгийн Биеийн тамир, спортын газрын Усан спорт, сургалтын төв шалгарлаа.

"Эрүүл мэндийг дээдлэгч" өрхөөр Хялганат тосгоны иргэн Ж.Мөнхбат, Булган сумын иргэн Ш.Содном, Б.Мөнхбаатар нарын гэр бүл, "Эрүүл мэндийг дээдлэгч иргэн"-ээр Сайхан сумын иргэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Сайхан сэтгэл-Бат-Орших” сангийн тэргүүн М.Бат-Орших, “Бадрал сан”-гийн тэргүүн Б.Батбаяр, Сэлэнгэ сумын иргэн Т.Ууганбаяр нар шалгарч шагнал хүртлээ.

- Эрүүл мэндийг дэмжих бодлого, эрүүл аюулгүй орчин, эрүүл мэндийг дэмжих зан үйлийг сурталчлах, олон нийтэд хэвшүүлэх, ажиллагсдын эрүүл мэндийг хамгаалах, элдэв өвчлөлөөс урьдчилэн сэргийлэх талаар зохион байгуулсан ажлыг үнэлэн шалгаруулдаг уламжлалтай. Эрүүл мэндийн талаар салбар дундын хамтын ажиллагааг сайжруулж ажилласан байгууллага, эрүүл мэндийн зан үйлийг төлөвлшүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа иргэдийг шалгаруулах чиглэлийг баримталсан гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа. 

“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэн” шалгаруулах болзлыг 10 дахь жилдээ дүгнэсэн бөгөөд аймгийн хэмжээнд эрүүл мэндийг дэмжигч 638 өрх, 2210 иргэн энэ шагналыг хүртсэн байна.

Холбоотой мэдээ