Хариуцлагатай бизнес ба хүний эрхийн асуудлаарх бүс нутгийн цахим форум болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-09 10:57:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Бизнес ба Хүний эрхийн ажлын баг, ЮНИСЕФ, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос "Хариуцлагатай Бизнес ба Хүний эрхийн асуудлаарх бүс нутгийн цахим форум"-ыг “Шинэ сорилт. Шинэ хандлага” сэдвийн дор энэ сарын 9-12-нд зохион байгуулж байна.


Форумын хүрээнд 21 салбар хуралдаан болох бөгөөд Ази, Номхон далайн орнууд, олон улсын байгууллагын 4500 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлжээ. Тухайлбал, “Бизнес ба Хүний эрхийн удирдах зарчмыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулж байгаа бүс нутгийн зарим улсын туршлага” салбар хуралдаанд Монгол Улсыг төлөөлж ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга В.Оюу оролцоно. Мөн "COVID-19 цар тахлаас хөдөлмөр эрхлэгч болон тэдгээрийн гэр бүлд үзүүлж байгаа нийгмийн үр дагаврыг бууруулахад бизнесийн гүйцэтгэх үүрэг” салбар хуралдаанд Мобиком корпорацийн Гүйцэтгэх захирал Т.Хамада, ЮНИСЕФ-ийн Монгол Улсад дахь Суурин төлөөлөгч А.Хэйкэнс илтгэгчээр оролцох аж. Түүнчлэн  “Уур амьсгалын өөрчлөлт: 1.5С хэмийн төлөөх бизнесийн үйл ажиллагаа” салбар хуралдаанд Монгол Улсын барилгын салбарт нөөцийг үр ашигтай ашигласан, цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа БНЧУ-ын Каритас ТББ-ын захирал Яна Жилкова илтгэл тавина.

Холбоотой мэдээ