К.Токаев БНКУ-ын ерөнхийлөгчөөр томилогдсоны нэг жилийн ой тохионо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2020-06-08 12:12:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019 онд бол Казахстаны хувьд онцгой жил байлаа. Тус улсын улс төрийн түүхэнд анх удаагаа засгийн эрхийг шилжүүлэн өгөх  үндэсний хэмжээний хамгийн хариуцлагатай бөгөөд чухал үйл явдал тохиосон. Энэ үйл явцын сүүлчийн шат нь Ерөнхийлөгчийн сонгууль байсан бөгөөд Косам-Жомарт Токаевын багт ард түмэн итгэл хүлээлгэсэн. Ийнхүү тэрээр ард түмнээр хүлээн зөвшөөрөгдөж төрийн тэргүүний албанд томилогдсон юм.

Анх удаагаа засгийн эрхийг шилжүүлэн өгч энэ нь  амжилттай болсон төдийгүй  Ерөнхийлөгч К.Токаев олон нийтийн анхаарлын төвд орсон.  Ингэх нь ч гарцаагүй байсан.  Бүгд Найрамдах Казахстан Улсын  түүхэн дэх энэ  чухал үе нь хөгжлийн дараагийн үе шатны суурийг тавьж өгсөн төдийгүй дотоодод үйл явц хэрхэн өрнөж, олон улсын хэмжээнд ямар шийдвэр гаргахыг дэлхийн улс орнууд анхааралтай ажиглах болсон.

2019 оны зурдугаар сарын 12-ны өдөр Касым-Жомарт Токаев албан ёсоор төрийн тэргүүний ажлаа хүлээн аваад  шийдвэртэйгээр бодлогын хэтийн чиглэл, төрийн ажлын үндсэн үүргийг тодорхойлсон юм.  Туршлагатай удирдах ажилтан  тэрээр  төрийн бодлогын чиг шугамыг тодорхойлохдоо Казахстаны анхны Ерөнхийлөгч – Елбасы Нурсултан Назарбаевын үйл хэргийг хэрэгжүүлж, гадаад бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ тангараг өргөх ёслолын үеэр онцлон дурдсан. Түүний дэвшүүлсэн шинэ санаачилгууд нь төрийн бодлогыг тодотгон улам боловсронгуй болгожээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Ерөнхийлөгч К.Токаев засгийн эрхийг тайван, тогтвортой байдлаар  шилжүүлэх бүх л нөхцөлийг бүрдүүлсэн нь  уг үйл явцын хамгийн чухал хэсэг нь байв. Ийнхүү төрийн залгамжит бодлогыг хэрэгжүүлсэн бөгөөд нөгөө талаас  хөгжлийг тэтгэсэн шинэ эрч хүч болсон юм. Нурсултан Назарбаев үндэсний удирдагчийн хувьд өөрийнх нь халааг авсан Ерөнхийлөгч К.Токаевыг тал бүрийн дэмжлэг үзүүлдэг. Казахстаны хоёр дахь Ерөнхийлөгч төрийн залгамж чанарыг хадгалах боломжийг бүрдүүлэн, төрт ёсны хөгжлийн шинэ чиглэлийн үндсийг тавьсан. Энэ бодлого  нь олон түмэнтэй харилцан ярилцах, плюрализм болон олон ургалч үзэл дээр суурилсан.

Казахстан дахь улс төрийн шилжилтийн  үе дэлхий нийтийг хамарсан өөрчлөлт шинэчлэлтэй давхцаж  шинэ Ерөнхийлөгч К.Токаевын үйл ажиллагаанд ч нөлөөлсөн. Казахстан зөвхөн өөрийн гэсэн замаар хөгжөөд зогсохгүй олон улсад хүлээсэн үүрэг, түншүүдтэйгээ байгуулсан гэрээгээ урьдынх шигээ үргэлжлүүлнэ гэдгээ харуулахаас гадна  хөгжин дэвшиж урагшлах хэрэгтэй болсон.

К.Токаевт Бүгд Найрамдах Казахстан Улсыг хөгжүүлэхийн сацуу  ажлын шинэ арга барилыг нэвтрүүлэх шаардлагатай болсон. Нэг үгээр хэлэхэд шинэ Ерөнхийлөгчөөс улс орны ирээдүйн хөгжил хамаарна. Тиймээс ч Ерөнхийлөгч К.Токаев улс орныг удирдах ердийн загвараас татгалзаж оновчтой яриа хэлэлцээ хийхийг эрхэмлэхдээ хөгжин дэвжих ёстой гэсэн зарчмыг баримталж байна. Мөн шинэ Ерөнхийлөгч төрийн аппартын аливаа ажлын гүйцэтгэлийн хариуцлагыг дээшлүүлэснээс гадна албан ёсны үйл ажиллагаануудад олон нийтийг өргөн хамруулахад нэлээд анхаарч байгаа. Ингэснээр улс төрийн соёл, удирдлагыг шинэ загварыг нэвтрүүлж байгаагаас гадна дээд шатны удирдах алба хашдаг хүмүүсийн нэр хүндийн дээшлүүлсэн алхам болсон.

 К.Токаев төрд итгэх итгэлийг дээшлүүлж, төрийн удирдах ажлыг улам боловсронгуй болгоход нэлээд анхаарч байгаа. Энэ чиглэлээр ахиц дэвшил гаргаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд “иргэдийнхээ дуу хоолойг сонсдог төр”  нэртэй цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүнийг төрийн удирдлагыг философи гэж болно. Уг арга хэмжээний хүрээнд  ард иргэд цахимаар дамжуулан төрийн байгууллагуудын хариуцлагатай ажилтнуудад асуулт тавьж , хариултыг нь тэр дор нь авах боломж бүрдсэн билээ. Мөн Казахстаны Ерөнхийлөгч  веб хуудсаараа дамжуулан цахим уулзалтын өрөөтэй болж олон нийттэй харилцах асуудлыг хариуцсан бүхэл бүтэн баг байгуулжээ.

Казахстаны хоёр дахь Ерөнхийлөгч Олон нийтийн итгэлийг хүлээх үндэсний зөвлөл байгуулж түүнд нь олны танил нийгмийн зүтгэлтнүүд, эдийн засагчид болон сэхээтнүүд орсон бөгөөд тус зөвлөл нь улс төр, нийгэм, эдийн засаг гэсэн хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь төрийн тэргүүн ард иргэдтэйгээ үргэлж холбоотой байж улс орны хөгжилтэй холбоотой асуудлыг шийддэг.  Тус зөвлөлийг нэлээд хэдэн удаагийн хуралдаанд төрийн тэргүүн өөрөө оролцож улс төрийн шинэчлэл хийх асуудлаар багц шийдвэрүүдийг гаргасан юм.

К.Токаев Ерөнхийлөгчийн ажлыг авснаасаа хойших нэг жилийн хугацаанд ард иргэд, нийгмийн тодорхой давхрагын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр цогц ажил хэрэгжүүлсэн билээ. Казахстанд олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, тэжээгчээ алдсан, хагас өнчин хүүхэдтэй  банкны зээлтэй ээжүүдийг банкны зээлээс чөлөөлсөн. Ингэснээр зээл төлдөг амьдрал нь хүнд хүмүүсийг өргүй болгосноос гадна нийгмийн халамжийн системийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Өнгөрсөн жилээс оюутнуудын тэтгэлэг нэмэгдэж, төсвийн байгууллагын ажилтнууд тодруулбал багш, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын цалинг нэмсэн.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаевын баримталж буй бас нэгэн зарчим бол улс орны тогтвортой байдлыг хангахаас гадна иргэн бүр айх аюулгүй, тайван нийгэмд амьдрах. Тиймээс ч 2019 онд хүний эрхийг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс хууль бусаар мансууруулах бодис наймаалах, хүчингийн хэрэг, хүн наймаалах зэрэг хэргийг шийтгэх хуулийн заалтыг чангатгахыг шаардсан билээ. Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагын дагуу Казахстаны парламент буюу Мажилис  дээр дурдсан заалттай холбоотой хуульд нэлээд хэдэн чухал өөрчлөлт оруулсан.

К.Токаев Ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсны дараахан тус улсад ирээдүйд хэрхэх бол гэсэн асуудлаар ширүүн мэтгэлцээн өрнөсөн юм. Казахстаны төрийн бат бэх, тогтвортой байдлыг сорьсон нэлээд хэдэн үйл явдал өрнөсөн. Үүний нэг жишээ бол Арысь хотод болсон явдал. 75 мянган оршин суугчтай тус хотод зэвсэгийн агуулах дэлбэрч, хотын дэд бүтэц бараг үгүй болсон. К.Токаев нөхцөл байдлыг өөрөө хяналтандаа авч ердөө гурван сарын дотор Арысь хотыг сэргээж бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан. Мөн дэлхий нийтийн анхаарлын төвд ороод буй COVID-19 гарахад хоёр сарын хугацаатай хөл хорио тогтоож Засгийн газарт эдийн засгийн өсөлтийг  хангахыг үүрэг болгосон юм.

Энэ зургадугаар сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч К.Токаев албан ажлаа авсны нэг жилийн ой болж байгаа юм. Касым-Жомарт Токаев энэ хугацаанд Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын хэрэгжүүлж ирсэн бодлогыг үргэлжлүүлнэ гэдгээ байнга мэдэгдэж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Казахстаны баримталж ирсэн гадаад болон дотоод бодлого үргэлжлэн хэрэгжсээр байна.     

                                                                                                                                                                                               Д.Дамба

Холбоотой мэдээ