“Хөрсөө хойч үедээ хэвээр үлдээе” эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-06-08 17:58:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан “Хөрсөө хойч үедээ хэвээр үлдээе” эсээ бичлэгийн уралдааны дүн гарлаа.


Хөрсөө хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, зөв дадлыг бий болгох зорилготой уг уралдаанд аймгийн Тайшир, Халиун, Есөнбулаг сумын ЕБС-ийн 1,2-р сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчид идэвхтэй оролцсон байна. Оролцогчдоос ирүүлсэн эсээ бичлэгийг сэдвийн агуулга, хэл найруулга, бичлэгийн ур чадвар, бүтээлч хандлага, аймаг орон нутгийн онцлог, шинэлэг санаа тусгасан байдлыг харгалзан үзэж шилдэг бүтээлийг шалгаруулсан байна. 

Сурагчид бүтээлдээ хөрсний бохирдол түүний хор хөнөөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар өөрсдийн үзэл бодлоо тусган, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэхэд үе тэнгийн найз нөхдөө уриалан дуудсан шинэ санааг тусгажээ. Тухайлбал, хөрсөө хамгаалах энгийн алхам бол хүн бүр орчин тойрондоо хог хаягдал, нус шүлсээ хаяхгүй байхаас эхэлнэ. Цаашлаад гэр хорооллын айл өрхүүд ариун цэврийн байгууламж, бохирын цооногоо зориулалтын дагуу хийх, хашаандаа мод бут тарьж ургуулахыг өөрсдийн бүтээлдээ тусган, уриалан дуудсан хэв шинжийг агуулжээ.

Уралдааны тэргүүн байрт лаборатори 1-р сургуулийн 10в ангийн сурагч Ц.Уянгалянхуа, удаах байруудад 1-р сургуулийн 12б ангийн сурагч Ч.Өнөрчимэг, С.Сайнзаяа нар шалгарчээ. Уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга хүлээн авч шагнаж урамшуулан, цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүссэн юм.


Холбоотой мэдээ