Монголын үе үеийн оюутны спортын түүх ном боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-06-04 10:41:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан "Монголын оюутны спортын түүхэн хөгжилт" ном хэвлүүлэн гарлаа.


Коронавируст халдварын цар тахлын үеэр спортын тэмцээн наадам, бэлтгэл сургууль үндсэндээ зогссон энэ үед оюутан залууст сонирхолтой байх биз ээ. Тус номыг МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан нар ариутган шүүжээ.


Уг бүтээл нь Монгол Улсад оюутны спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 98 жилийн ой /1992-2020 он/ Монголын залуучууд, оюутны спортын анхдугаар наадам зохиогдсоны 60 жилийн ой /1959-2019 он/ Монголын тамирчид дэлхийн оюутны спортын “Универсиад” наадамд оролцож эхэлсний 55 жилийн ой /1965-2020 он/, Монголын оюутны спортын холбоог байгуулсны 30 жилийн ой /1989-2019 он/, ОУОСХ-ны 70 жилийн ой /1949-2019 он/, Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадмыг зохиосны 60 жил /1959-2019 он/, Азийн оюутны спортын холбоо байгуулагдсаны 28 жилийн /1992-2020 он/ түүхт ойн баярууд болон 2020 онд зохион байгуулах Монголын оюутны спортын V наадамд зориулан бүтээгдсэн байна.


Тэрбээр номоо бичихийн тулд Бельгийн Брюссель хот дахь ОУОСХ болон Бээжинд Азийн ОСХ-ны архивт сууж Монголын талаар мэдээ, мэдээлэл, зураг, баримт олж авах, бусад материалыг гадаад, дотоодоос судлах, орчуулах, унших, цуглуулах, бичих, хэвлүүлэх зэрэгт сүүлийн зургаан жил гаруйн хугацаа, хөдөлмөрөө зориулан бүтээжээ.


Доктор Д.Жаргалсайханд Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга, Олон улсын оюутны спортын холбоо/ОУОСХ/-ны Ерөнхийлөгч, ОХУ-ын Спортын сайд О.В.Матыцин, Ази тивийн оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн, доктор Шуй Янчин нарын зэрэг гадаад, дотоодын олон хүн Монголын оюутны спортын түүхийг өгүүлсэн номыг толилуулж буйд баярын мэндчилгээ ирүүлсэн байна.


“Мишээл экспо” төвд 6 дугаар сарын 5-7-нд зохион байгуулах Номын баярын үеэр "Монголын оюутны спортын түүхэн хөгжилт" номыг  нээх ёслол болох юм байна.

Холбоотой мэдээ