“COVID-19” туссан өвчтөн 14-53 хоног эмчлүүлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-06-02 12:18:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварлаад эдгэрсэн 44 өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна. Эдгэрсэн хүмүүс 14-53 хоног эмчлүүлсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 1-нд нийт 212 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд, тандалтын зорилгоор Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг болон өрхийн эрүүл мэндийн төвөөс цуглуулсан гурван сорьц, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 5 дугаар сарын 14-нд ирсэн зорчигчдын давтан шинжилгээ багтжээ. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 10 жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.


Ажиглах байранд байгаа хүмүүсийн шинжилгээг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 7, 14 хоногийн давтамжтай хийж байгаа бөгөөд гэрт нь гарсны дараа 14 хоногийн хугацаанд мөн хоёр удаа шинжилж байгаа аж.


Монгол Улсад коронавирусний батлагдсан 185 тохиолдол бүртгэгдсэнээс 141 хүн  эмчлүүлж байна. Халдвартай иргэд 5-65 насныхан бөгөөд дундаж нас 24 байна. Тэдний дунд 5-15 насны таван хүүхэд,  жирэмсэн хоёр эмэгтэй байна.


Нийт өвчилсөн хүмүүсийн 161 буюу 65 хувь нь эрэгтэй, үлдсэн 35 хувь нь эмэгтэй юм. ОХУ-д батлан хамгаалахын чиглэлээр сурч байсан оюутнуудын дунд халдвар илэрснээс үүдэн эрэгтэй хүйс давамгайлж байгааг тэрбээр онцлов. Өвчтөнүүдэд ихэвчлэн хоолой, толгой өвдөх, ханиалгах, хамар битүүрэх, халуурах, булчин өвдөх, дотор муухайрах, амьсгал давчдах, ядрах сульдах гэсэн эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байгаа аж. Одоогийн байдлаар эдгэрсэн 44 хүнээс сувилалд 16, гэрийн ажиглалтад 15, ажиглалтаас 13 хүн гарчээ. 


 Өнөөдрөөс эхлэн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгээр ахлуулсан салбар хоорондын 10-аад хүний бүрэлдэхүүнтэй баг Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтод ажиллаж халдварын сэргийлэлт, хяналтын талаар сургалт, зөвлөгөөн зохион байгуулах аж.   

Холбоотой мэдээ