ОХУ-ын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаарх санал асуулгыг ирэх сарын 1-нд явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-06-02 08:51:30

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх бүх оросын санал асуулгыг долдугаар сарын 1-нд явуулах тухай зарлигт гарын үсэг зурлаа гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.


В.Путин Сонгуулийн Ерөнхий Хороо болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бэлтгэлийг хангах ажлын хэсгийн гишүүдтэй даваа гарагт уулзаж, санал асуулгыг долдугаар сарын 1-нд явуулах саналыг дэмжсэн байна.


Тэрбээр Холбооны улсын их хуралд 2020 оны нэгдүгээр сард илтгэл тавихдаа орчин үеийн бодит байдалд нийцүүлэн улам боловсронгуй болгох хэд хэдэн өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахыг санал болгосон юм. Ерөнхийлөгчийн санал болгосон төслийг Төрийн Думын ажлын тусгай хэсэг хэлэлцсэний дараа гуравдугаар сарын 11-нд эцэслэн батлав. Мөн энэ өдөр Холбооны зөвлөл баталж, дараа нь уг баримт бичгийг ОХУ-ын бүх субъектын хууль тогтоох чуулганаар баталжээ. Холбооны Зөвлөл хэлэлцүүлгүүдийн дүнг үндэслэн гуравдугаар сарын 14-нд тогтоол гаргаж, Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.


В.Путин Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар бүх оросын санал асуулгыг дөрөвдүгээр сард явуулах зарлиг гаргасан боловч коронавирусний халдвар тархсантай холбогдуулан хойшлуулсан юм.


Холбоотой мэдээ