Л.Эрхэмбаяр: Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчсөнтэй холбоотой хэрэг бүртгэгдээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-06-01 13:36:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг сүүлийн хоёр жилд бүртгэгдээгүй байна.

Энэ талаар тус аймгийн цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Эрхэмбаяртай уулзаж тодруулга авлаа.


- Урин дулаан цаг ирж, барилга болон уул уурхайн салбарын ажил өрнөж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой зөрчил, хэрэг гарах эрсдэл ихэсдэг. Энэ хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил зохион байгуулж байна вэ?

 - Урин дулааны улирал эхэлж барилга, байгууламж, уул уурхайн компаниудын ажил эхлэхтэй зэрэгцэн анхаарах зүйл бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчин үйлдэгдэж буй хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэд аж ахуйн нэгж байгууллагад аюулгүй ажиллагааны талаар хууль дүрмийг сурталчлан таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх албанаас “Аюулгүй ажиллагаа, амьдралын баталгаа” хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн газарт хөдөлмөр аюулгүй ажиллагаатай холбоотой, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг 2019 он болон энэ оны эхний 5 сарын байдлаар бүртгэгдээгүй байна. Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчсөнтэй холбоотой гэмт хэрэг гарах гол шалтгаан нь иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн байгууллагын ажилтнууд хөдөлмөр аюулгүй байдлын мэргэжилтний заавар, зөвлөмжийг дагадаггүй, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журмыг зөрчдөг, анхаарал болгоомжгүй байдлаас болж байна. Мөн ажилтны ажлын чиг үүргээс өөр ажил гүйцэтгүүлэх үүрэг өгдөг, тухайн ажилтан ч өөрийн эрх үүргээ мэддэггүйгээс өгсөн даалгаврыг биелүүлэхдээ осол гаргадаг. Хэрэв өөрийн эрх үүргээ мэдэж байсан бол гэмтэл учрахгүй байх боломжтой шүү дээ. Тиймээс бидний зохион байгуулж буй ажил ажилтан ба ажил олгогч хоёрыг хөдөлмөриийн аюулгүй ажиллагаа зөрчсөн гэмт хэргээс урьдчилан сэргийлж байгаагаараа ач холбогдолтой юм.

- Манай аймагт барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар ихээхэн зөрчил дутагдал гараад байх шиг ажиглагддаг. Үүнтэй санал нийлэх үү?

- Тийм ээ тухайн салбарыг гүйцэтгэж буй үйл ажиллагаа энэ төрлийн гэмт хэрэг гарах эрсдэлтэй байдаг. Наад зах нь барилгын үйл ажиллагаа явж байна гэсэн анхааруулга самбар байдаггүй. Барилгын орчинд өндрөөс ажилтан болон эд зүйл унах эрсдэлээс хамгаалах тор хийдэггүй. Ажилчид нь хөдөлмөр хамгааллын аюулгүйн хувцас хэрэгслийг бүрэн өмсдөггүй, өндөрт ажиллаж байгаа ажилчид өндрийн бүс зүүдэггүй дутагдал гаргаж байгаа. Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан холбогдох журмын дагуу ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга, зөвлөмжийг өгч хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаад гарын үсэг зуруулснаар үйл ажиллагаа эхэлдэг. Гэтэл ажилчид ажилдаа гарахын тулд зааварчилгаатай бүрэн танилцалгүй шууд гарын үсгээ зураад ажилдаа ордог нь хэвшсэн. Энэ бүхэн иргэд өөрийн амь насыг эрсдэлд оруулахын зэрэгцээ тухайн ажил олгогчийг гэмт хэрэгтэн болгох хор хөнөөлтэй. Тэгэхлээр ажилтан, ажил олгогч хоёулаа хариуцлагатай байж холбогдох хууль, эрх зүйн баримт бичиг зүйл заалтыг мэдэх шаардлагатай юм.

- Энэ төрлийн гэмт хэргийг ямар зүйл заалтаар зүйлчилдэг вэ? Мөн үйлдэгдсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлага ямар байдаг бэ?

- Одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, 11.3, 11.5 дугаар зүйлүүдэд зааснаар хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд, хүндэвтэр хохирол учруулах гэсэн зүйл ангиар зүйлчилж мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөний улмаас үүссэн гэмтэл хохирлыг нарийн тогтоосны үндсэн дээр хүлээлгэх хариуцлага нь харилцан адилгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа шүүхээр гэм буруутайг тогтоож ямар шийтгэл оногдуулахыг шийднэ.

Хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан бол Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол 2 жил хүртэл хугацаагаар эрх хасаж 2700 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Харин хүндэвтэр хохирол учруулсан бол 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 700 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хариуцлага хүлээлгэдэг.

Холбоотой мэдээ