“Barilga Expo-2020” өндөрлөсөн ч оролцогч компаниуд цахим талбайдаа байршин үлдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-05-29 19:38:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын салбарын “Barilga Expo-2020” үзэсгэлэн 13 дахь жилдээ болж өндөрлөлөө.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, олон нийтийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон энэ цаг үед салбартаа анх удаагаа цахим хэлбэрээр “Barilga Expo-2020” олон улсын үзэсгэлэнг “Цахим хувьсгалд хамтдаа” уриан дор зохион байгуулав.

Үзэсгэлэнд барилгын материал, шинэ орон сууц, амины орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 орчим компани оролцож, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, бараа бүтээгдэхүүнээ танилцууллаа. Үзэсгэлэн явагдсан barilgaexpo.mn сайтын хандалт өдөртөө 50-80 мянгад хүрч, нийтдээ 250-400 мянга орчим хэрэглэгч цахим талбайгаар зочилжээ. 

Үзэсгэлэнгийн үеэр “Хот төлөвлөлт, байгуулалт” “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл” “Материал үйлдвэрлэгч ба ханган нийлүүлэгч” “Амины орон сууц” “Барилгын маркетинг”, “Жорлонгоо өөрчилье төслийн менежмент”, “Барилгын эрчим хүчний хэрэглээний чиг хандлага” гэсэн сэдвээр мэргэжилтнүүд илтгэл, сургалт, хэлэлцүүлэг хийж,  barilga.mn фэйсбүүк хуудсаар шууд хүргэжээ. 

Үзэсгэлэнг зохион байгуулах хорооны зүгээс жил бүр шилдэг оролцогчдыг 5 номинацын дагуу шалгаруулдаг бөгөөд уламжлал ёсоор энэ жилийн барилгын материалын үйлдвэрлэлийн тэргүүлэгч ААН-ийн "Шилдэг үйлдвэрлэгч”-ээр “Сайхан Төмөрт” ХХК шалгарав.

Ташрамд дуулгахад, цахим үзэсгэлэнгийн үйл ажиллагаа өндөрлөж байгаа ч дараагийн үзэсгэлэн болтол компаниуд цахим талбайдаа байршсаар байх тул хэрэглэгчид сонирхож боломжтой аж. 


Холбоотой мэдээ