Ж.Флойд эсэргүүцэл үзүүлээгүй болохыг хяналтын камерын дүрс бичлэг харуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-29 12:28:05

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотын нэгэн зоогийн газрын гаднах хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэг Жорж Флойдыг баривчлах үед эсэргүүцэл үзүүлсэн гэх цагдаа нарын хэлсэн үгнээс зөрсөн байна.


Африк-Америк гаралтай Ж.Флойдыг баривчлах үед эсэргүүцэл үзүүлсэн тул хүч хэрэглэсэн гэж цагдаа нар мэдүүлжээ. Цагдаагийн ажилтан гараа гавлуулсан 46 настай Ж.Флойдыг газарт хэвтүүлэн хүзүүн дээр нь өвдөглөж буй дүрс бичлэг энэ долоо хоногийн эхээр нийгмийн сүлжээнд цацагдсанаас хойш орон даяар жагсаал цуглаан өрнөхөд хүрсэн юм.


Миннеаполис хотын Цагдаагийн газар Ж.Флойдын нас барсан хэрэгт холбоотой дөрвөн цагдаагийн ажилтныг ажлаас нь халсан хэдий ч тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа аж. Цагдаагийн газраас мягмар гарагт гаргасан мэдэгдэлд тэмдэглэснээр, Ж.Флойд цагдаа нарт эсэргүүцэл үзүүлсэн тул хүч хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн байна.


Харин “Dragon Wok” зоогийн газрын гаднах хяналтын камерын дүрс бичлэгийг үзэхэд, Ж.Флойд эсэргүүцэл үзүүлж буй байдал ажиглагдаагүй байна. Мөн уг үйл явдлыг болох үед хажуугаар нь явж байсан Дональд Уиллиамс, Ж.Флойд өөрийг нь баривчилж буй цагдаа нарт эсэргүүцэл үзүүлээгүй гэж "CNN" сувагт мэдээлжээ. Түүнчлэн “Dragon Wok” зоогийн газрын эзэн Рашад Уэст ч мөн үүнтэй ижил мэдээлэл өгчээ.

Холбоотой мэдээ