“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” баримт бичгийн төслийг шүүмжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-07 23:24:02

“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” бодлогын баримт бичиг хийгээд түүний тогтоолын төсөлд санал оруулах зорилгоор Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Ахмад зөвлөхүүдийн багаар хэлэлцүүлэг зохион явууллаа.

Энэ сарын 06-ны өдөр болсон уг хэлэлцүүлэгт Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дэргэдэх Ахмад зөвлөхүүд оролцож дээрх сэдвийн хүрээнд санал бодлоо хэлэлцлээ. Тус хэлэлцүүлэгт оролцсон ахмадууд “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын энэхүү бичиг баримт нь төвлөрлийг сааруулах ажлыг төрийн үүргийг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид шилжүүлэх төдийгөөр хязгаарлан боловсруулсан, бодлогын алдаатай, цаг үед нийцээгүй олон дүгнэлтүүд оруулсан, доторх агуулга нь өөр хоорондоо үгүйсгэлтэй зэрэг учир дутагдалтай байна хэмээн дүгнэлээ. Мөн төвлөрөл гэх маш чухал асуудлыг нарийн судалж, эрдэмтэн судлаачдын хүч оролцоотой хамтран боловсруулах шаардлагатай гэлээ. Түүнчлэн уг бодлогын баримт батлагдахад хүрвэл төвлөрлийг сааруулах асуудлыг төрийн бодлого, төрийн захиргаа нутаг дэвсгэрийн бодлогын хүрээнд авч үзэх хэрэгтэй гэв.

Тухайлбал:

1.Төвлөрлийг сааруулах асуудлыг санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангах чиглэлээр оруулж өгөх,

2.Төвлөрлийг сааруулах асуудлыг нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд авахын зэрэгцээ байгаль экологи, эдийн засаг, хүн амын суурьшил, газар нутгийн байршлын асуудалтай холбож авч үзэх,

3.Төвлөрлийг сааруулах үйл ажиллагааны гол асуудал болсон боловсон хүчний талаар авч үзэхдээ хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх тогтолцоог бий болгох, түүний шалгуурыг бий болгох чиглэлээр асуудал боловсруулж оруулах,

4.Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт дээрх зүйлүүдийг тусган анхаарч үзээд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүсийн хүч оролцоотой төгс сайн шийдэх ёстой” гэсэн санал дүгнэлтийг гаргалаа.

Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” төслийн хүрээнд боловсруулжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Холбоотой мэдээ