Дөрвөн оюутан эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-05-26 11:40:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "СОVID-19"-өөр өвдсөн дөрвөн оюутан эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ.

Ингэснээр коронавирусээр халдварласан нийт 141 тохиолдлоос 37 хүн эдгэрч байгааг ХӨСҮТ-ийн  ерөнхий захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.

Тэд  ОХУ-ын Москва хотын Төмөр замын дээд сургуулийн оюутнууд бөгөөд 42-43 хоног эмчлүүлжээ.


Манай улсад "COVID19" -ийн зөөвөрлөгдсөн нийт 141 тохиолдол бүртгэгдсэнээс 37 хүн эдгэрч, 104 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал 95 нь хөнгөн, 9 хүн хүндэвтэр оноштой байгаа аж.


ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 193 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Үүнд,  ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18, Алтанбулаг боомтоор энэ сарын 14-нд ирж ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүнд хийсэн давтан шинжилгээ багтаж байна. Мөн Дорноговь аймгаас илрүүлсэн 17 тээврийн жолооч болон тандалтын зорилгоор цуглуулсан 10 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй аж. Дархан-Уул аймагт 19 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхон аймагт  тусгаарлагдсан 103 хүнд давтан шинжилгээ хийхэд халдваргүй гарчээ.

Холбоотой мэдээ