Япон Улсаас төслийн бус буцалтгүй тусламж олгоно

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
bolor@montsame.mn
2020-05-23 11:52:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүтэй  энэ сарын 22-нд утсаар ярьсан байна.


Талууд “COVID-19” халдварын тархалттай холбогдуулан  хоёр улсын төр, засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагаа, арга хэмжээг харилцан танилцуулж мэдээлэл солилцжээ.


Сайд Д.Цогтбаатар энэхүү цар тахлын аюулыг дэлхийн улс орнууд гагцхүү хамтын хүчээр даван туулна гээд энэ чиглэлд бүс нутгийн түвшинд дэвшүүлж буй тодорхой санаачилгуудаа танилцуулсан байна. Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги цар тахалтай тэмцэхэд бүс нутгийн нягт хамтын ажиллагаа нэн чухлыг онцлохын сацуу Монгол Улсаас дотооддоо халдварыг тархаалгүй, эхнээс нь үр дүнтэй арга хэмжээ авч, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж байгааг өндөр үнэлж байгаагаа тэмдэглэв. Мөн Япон Улсын Засгийн газраас манай улсад эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад шуурхай санхүүгийн дэмжлэг, төслийн бус буцалтгүй тусламж үзүүлэхээр болсноо мэдэгджээ.


Сайд Д.Цогтбаатар эдгээр тусламж дэмжлэг болон олон улсын байгууллагуудын шугамаар үзүүлсэн туслалцаа, авиган эмийн нийлүүлэлтэд гүн талархал илэрхийлэв.


Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар 2022 онд тохиох Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх чиглэлд хамтран ажиллаж, Стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотолсон байна. Сайд Т.Мотэги Сайд Д.Цогтбаатарт хандан цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсжээ.

Холбоотой мэдээ