Л.Пүрэвсүрэн: Монголын ирээдүй бол уул уурхай бус харин иргэдээ боловсролтой болгох явдал мөн

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-05-06 17:41:50

ЛОНДОН. /Asiahouse/. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, түүхий эдийн үнэ буурч байгаа учраас Монголын Засгийн газар эдийн засгийг төрөлжүүлэхэд анхаарлаа чиглүүлж, сэргээгдэх эрчим хүчнээс авахуулаад боловсрол гэх мэт олон салбарт гадаадын хөрөнгө оруулалт хайж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ярьж байна.

Тэрбээр Оксфордын их сургуульд зочилж, Монголын Гадаад бодлогын асуудлаар оюутнуудтай ярилцахаасаа өмнө Их Британийн “Asia House” судалгааны байгууллагад  ярилцлага өгсөн юм. “Бид эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай болжээ. Өнгөрсөн хугацаанд бид уул уурхайн салбарт дэндүү их анхаарал хандуулсаар иржээ. Түүхий эдийн үнэ ханш унаж байгаа учраас урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох хэрэгтэй. Иймээс хөдөө аж ахуй, хүнсний зэрэг уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна” гэж сайд Л.Пүрэвсүрэн ярилцлагынхаа ихэнд онцлон тэмдэглэлээ.

"Монгол 60 сая орчим тоо толгой мал сүрэгтэй. Манай орны эдийн засгийг сэргээгдэх эрчим, ноос ноолуур, арьс шир, хүнсний зэрэг олон салбарт төрөлжүүлж болно. Эдгээр бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх зах зээлийг бид олох хэрэгтэй. Ирээдүйд хүнсний зүйл голлох бараа бүтээгдэхүүн болж хувирна. Жишээ нь бид малынхаа сүү, махаа Хятадын болон бусад зах зээлд нийлүүлэх боломжтой. Үүний зэрэгцээ хэрвээ усжуулалтын системтэй болж чадах аваас бидэнд өргөн уудам газар нутаг, нөөц бололцоо байж байна. Мөн боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж, зөвхөн хөрш ОХУ, БНХАУ гэлтгүй бусад гуравдагч орнуудын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох сонирхол бий” хэмээн Монголын сайд ярьж байна.

Жилийн өмнө гэхэд Монгол Улс бүс нутгийн болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй байсан бол 2015 оны 10 дугаар сард Япон Улстай “Япон-Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулж, харилцан нийлүүлж буй ихэнх бараа бүтээгдэхүүнийг импортын татваргүй болгох эхлэлийг тавьсан юм. Энэ хэлэлцээр нь Японы технологи болон мэдлэгийг Монголд нэвтрүүлж, Японы үйлдвэрүүдэд бүтээгдэхүүн нийлүүлэх сүлжээг Монголд хөгжүүлэх боломжтой болно. Мөн Монгол Улс ашигт малтмалаас гадна боловсруулсан эцсийн бүтээгдэхүүнийг Японд нийлүүлэхийг зорьж байгаа” гэж Л.Пүрэвсүрэн хэллээ.

“Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монгол болон Японд аль алинд бие биенийхээ зах зээлд нэвтрэх болон технологи, мэдлэг туршлага, менежментийн ур чадвараа харилцан солилцох боломжийг олгож байна. Бидэнд боловсрол сайтай ажиллах хүчин бий, харин япончууд Монголд үйлдвэрлэл эрхлэх боломжтой” гэдгийг тэрбээр дурдав.

Монголоос Япон руу гаргадаг гол бүтээгдэхүүн нь ашигт малтмал, нэхмэл бүтээгдэхүүн бол Монголын тал Японоос гол төлөв автомашин, барилгын материал, уул уурхайн техник импортолдог байна.

Японоос Монголд экспортолж буй бараа бүтээгдэхүүний 45 хувийг хуучин автомашин эзэлж байна. Хоёр улсын худалдааны тэнцэл эрс тэс байгаа бөгөөд 2013 онд Монгол руу Японы хийсэн экспортын хэмжээ 288 сая доллар байсан бол Монголоос Япон руу экспортолсон бараа бүтээгдэхүүн 21 сая доллароор хэмжигдэж байв. Хэрвээ Монголын тал Япон руу хийх ашигт малтмалын экспортоо нэмэгдүүлж чадваас энэ байдал өөрчлөгдөх боломжтой юм.

Хоёр улс мөн Монголын дэд бүтцийг хөгжүүлэхэд, тухайлбал “Тавантолгой” орд руу төмөр зам тавих болон бусад төслүүдэд хамтран ажиллахаар тохиролцсон байна. “Тавантолгой” орд нь дэлхийн коксжих нүүрсний хамгийн том ордуудын нэг юм.

Үүний зэрэгцээ Монголын Засгийн газар Улаанбаатар хотод шинэ нисэх онгоц буудал барих ажилд Японтой хамтарч байна. Тус нисэх буудлыг барих санхүүжилтийн зээл болон технологийг Японоос авчээ.

Энэ нисэх онгоцны буудал Зүүн, Төв болон Өмнөд Азийг холбосон бүс нутгийн тээврийн сүлжээ болж, ачаа тээвэрлэлтэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн найдаж байна гэж сайд Л.Пүрэвсүрэн хэллээ.

Японтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээс гадна бид Канад улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд АНУ-тай хэд хэдэн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан нь чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад чиглэсэн эхний алхам мөн гэдгийг сайд дурдав.

Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “Монгол өнгөрсөн онд Евразийн эдийн засгийн холбоотой санамж бичиг байгуулж, хамтран ажиллах асуудлаар хэлэлцээ хийж эхэлсэн. БНХАУ-Монгол Улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжтой эсэхийг судлахаар хоёр талын судалгааны хамтарсан ажлын хэсгийг байгуулах асуудлыг Хятад улс дэмжинэ гэдэгт мөн найдаж байна. Үүний зэрэгцээ Монгол, БНХАУ, ОХУ-ын хооронд эдийн засгийн коридор байгуулах төлөвлөгөө бий. Энэ асуудлыг бид хоёр жилийн турш хэлэлцэж байгаа бөгөөд одоо хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн боллоо. Энэ хөтөлбөр нь дэд бүтэц, дамжин өнгөрөх маршрут, төмөр замын шугам, дамжуулах хоолойн асуудлыг хамарч байгаа юм. Уг эдийн засгийн коридор нь БНХАУ-ын санаачилсан “Нэг бүс, нэг зам” төсөлтэй уялдаж байгаа” гэдгийг сайд тэмдэглэн хэллээ. 

Монголд 1990 онд олон намын тогтолцоо бий болж, чөлөөт зах зээл, ардчилалд шилжсэн бөгөөд энэ оны зургадугаар сарын 29-нд найм дахь удаагаа парламентын сонгуулиа явуулах гэж байна. 2012 оны парламентын сонгуулиар одоо эрх барьж буй Ардчилсан нам ялалт байгуулснаар парламентад олонх болж, зарим жижиг намуудтай хамтран эвслийн Засгийн газар байгуулсан билээ.

“Ирэх сонгуулиар олонх болох нь бидний зорилго. Эвсэл байгуулж ажиллах нь ямагт хэцүү хүндрэлтэй байдаг. Бид ард иргэдэд зориулсан олон төсөл хөтөлбөрүүд, тухайлбал, малчдад чиглэсэн эдийн засгийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн учраас бид өөрсдийгөө олонх болно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ ямар ч нам яллаа гэсэн, ямар ч эвсэл байгуулагдлаа гэсэн бидний суурийг нь тавьсан бодлогыг үргэлжлүүлнэ хэмээн найдаж байгаа” гэдгээ Л.Пүрэвсүрэн илэрхийллээ.

Монголын сөрөг хүчний хоёр том нам сонгуулийн өмнө нэгдэхээр тохиролцсон боловч санал зөрөлдөөнөөс болж бүтэлгүйтсэн байна. Үүнээс гадна ирэх долдугаар сард АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд хэмжээний уулзалтыг Монгол зохион байгуулна. Анх 1996 онд Бангкок хотод нээлтээ хийсэн Ази-Европын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

“Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр бид ирэх 20 жилийн стратегиа тодорхойлж, Европ, Азийн орнууд ирэх 20 жилд ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтойг хэлэлцэж, Монгол Улс аль чиглэлд хувь нэмрээ оруулах вэ гэдгийг тодорхойлно. Түүхийн явцад Монгол Улс Европ-Азийн харилцаа холбоонд өөрийн хувь нэмрийг байнга оруулсаар ирсэн. Жишээ нь монголчууд 13 дугаар зуунд Торгоны замыг үүсгэн санаачилж, Европ, Азийн хооронд чөлөөт худалдааг бий болгосон. Ийм учраас хоёр тивийг холбох нь бидэнд эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ажил хэрэг юм” гэж тэрбээр хэлжээ.

Мөн тэрбээр цааш дурдахдаа “Манай улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчийн статустай байдагтаа сэтгэл хангалуун байдаг. Цаашид ч энэ байр сууриа хадгалж, ялангуяа Энэтхэг болон Пакистан ШХАБ-ын гишүүнээр элсэх гэж байгаа энэ үед юу болохыг анхааралтай ажиглана. Их зүйлийг мэдэж авах нь сонирхолтой” гэв.

Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард Энэтхэгт албаны ёсны айлчлал хийж, тус улсын Засгийн газраас Монголд нэг тэрбум долларын зээл олгох тухай хэлэлцээр байгуулснаа дурдаад, энэ мөнгийг бид төмөр зам тавихад болон бусад салбарт зарцуулна гэдгийг дурдав. Бид яагаад Энэтхэгээс зээл авч байна вэ? гэвэл Энэтхэг бол бүс нутгийн их гүрэн бөгөөд бид тус улсыг оюун санааны хөршөө гэж үздэг. Бид бие биетэйгээ адил хөдөө аж ахуй эрхэлж, буддын шашин шүтдэг. Цаашдаа эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгохыг зорьж байгаа” гэж тэрбээр Энэтхэгээс зээл авч байгаагийн учир шалтгааныг тайлбарласан юм.

Өнгөрсөн оны тавдугаар сард Монголын Засгийн газар “Оюутолгой” ордын асуудлаар “Рио Тинто” компанитай зөвшилцөлд хүрч, 2015 оны 12 дугаар сард төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг олон улсын 20 банк санхүүгийн байгууллагуудтай байгуулснаар тус ордын далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн билээ. Энэ орд бол зэс, алтны нөөцөөрөө Монголд төдийгүй дэлхийд тэргүүлэх ордуудын нэг юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ Монголын эдийн засгийн гуравны нэгийг Оюутолгойн уурхай дангаараа бүрдүүлнэ гэж тооцоолжээ.

“Оюутолгой” ордын ажил хэдэн жил саатсаны эцэст бид хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр байгуулж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Хэн хэн маань алдаа хийсэн боловч бид эцсийн дүндээ харилцан зөвшилцөлд хүрч чадлаа. Бид энэ хэлэлцээрийг байгуулсандаа сэтгэл хангалуун байдаг. Төсөл хэрэгжинэ гэдэг бол зөвхөн тухайн төслийн хувьд төдийгүй Монголын бизнесийн орчинд эерэг сайн дохио болно. Дэлхий даяар түүхий эдийн үнэ ханш унаж, уул уурхайн зах зээл хүндхэн үеийг туулж байгаа хэдий ч Монголын Засгийн газар харилцан зөвшилцөлд хүрч, хамгийн том уул уурхайн төслийнхөө асуудлыг цэгцлэн шийдвэрлэж чадлаа. “Оюутолгой” ордын ил уурхайгаас ард иргэд өгөөж хүртэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байгаа учраас бид энэ ордын далд уурхайн бүтээн байгуулалтын төсөлд дотоодын бизнес эрхлэгчдийг оролцуулж, иргэддээ өгөөжтэй байлгах тал дээр гол анхаарлаа чиглүүлнэ”  гэж тэрбээр “Оюутолгой” ордтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийхээс гадна боловсрол, хүнс, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийх боломж гадаадын компаниудад бий.

Монголын ирээдүй бол уул уурхай бус харин иргэдээ боловсролтой болгох явдал мөн гэдгийг сайд Л.Пүрэвсүрэн онцолсон юм. Тэрбээр "Монголын зах зээлд Их Британийн компаниуд хараахан орж ирээгүй байна" гэдгийг дурдлаа. “Одоохондоо их британичууд Монголын зах зээлийг төдийлөн сонирхохгүй байна. Тухайн орны талаар юу ч мэдэхгүй бол тэнд хөрөнгө оруулалт хийхийг хэн ч хүсэхгүй. Тиймээс Монголыг дэлхий дахинд сурталчлан таниулж, илүү олон тооны жуулчдыг татах бодлогыг хэрэгжүүлснээр хүмүүс Монголд хөрөнгө оруулалт хийх талаар бодох болно. Монгол эртний түүхтэй, буддын шашны өв, нүүдэлчин уламжлалтай, онгон байгальтай гээд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж их бий. Монгол Улс зөөлөн хүчний бодлого явуулж, спорт, сүмогийн бөхчүүд, соёл, түүх, уламжлалаа сурталчлах тал дээр маш их хүчин чармайлт гаргаж байгаа” гэдгийг Монголын сайд онцлов.

Түүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах тухайд тэрбээр ярихдаа “Монголд жилийн 300 өдөр нь нартай байдаг, иймээс бид Азийг бүхэлд нь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой. Монгол бол Азийн эрчим хүчний супер сүлжээний нэг хэсэг" гэдгийг дурдсан юм.

“Бидэнд нарны эрчим хүчний хэд хэдэн төсөл байгаа, мөн анхныхаа салхин цахилгаан станцыг барьсан. 1990-ээд оны үед нарны эрчим хүчний хэд хэдэн төслийг малчдад зориулан хэрэгжүүлсэн юм. Одоо бидний хүсч буй зүйл бол гадаадын компаниудаас технологи болон хөрөнгө оруулалт татах явдал. Бид БНХАУ зэрэг орнууд руу сэргээгдэх эрчим хүч экспортлох боломжтой. БНХАУ бол агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг улс бөгөөд тус улсад цэвэр эрчим хүч хэрэгтэй байгаа” гэж Монголын Гадаад хэргийн сайд ярилаа.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ