БНСУ-д халдварын 20 тохиолдол шинээр бүртгэгджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-05-22 11:12:53

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д пүрэв гарагт коронавирусний халдварын 20 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 11142 боллоо гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд Сөүл хотын Итаевон дүүрэгт тархсан халдварыг хяналтад авахын тулд олон нийтийг шинжилгээнд хамруулж байгаа юм. “COVID-19”-өөр халдварласнаа мэдээгүй 29 настай эрэгтэй Итаевонд байрладаг олон клуб, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсний дараа халдварын шинэ голомт үүссэн бөгөөд сүүлийн мэдээллээр уг эрэгтэйтэй холбоотой халдварын 200 орчим тохиолдол илэрчээ.


БНСУ-ын мэргэжилтнүүд халдварын хоёр дахь давлагаа эхлэхээс зайлсхийхийн тулд дөрөвдүгээр сарын 24-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд клубүүдээр үйлчлүүлсэн олон мянган хүнийг шинжилгээнд хамруулж байгаа ажээ. БНСУ-д зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо пүрэв гарагт есөөр нэмэгдэж, 1200-д хүрсний 88 хувь нь хилийн чанадаас ирсэн БНСУ-ын иргэд байгаа юм байна. 


БНСУ-д энэ сарын 21-ний байдлаар халдвар авсан 10162 хүн бүрэн эдгэрсэн нь нийт өвчтөний 90 гаруй хувьтай тэнцэж байгаа бол 264 хүн нас баржээ. Тус улсад өнгөрсөн нэгдүгээр сарын 3-наас хойш 802418 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд клубтэй холбоотой халдварыг хяналтад авсан хэмээн үзэж байгаа боловч шинэ голомт үүсэж болзошгүй тул сонор сэрэмжтэй хэвээр байгаа ажээ. Энэ долоо хоногийн эхээр БНСУ-ын томоохон эмнэлгийн дөрвөн сувилагчаас халдвар илэрсэн юм. Тэд хаанаас халдвар авсан нь одоогоор тодорхойгүй байгаа ба клубээр үйлчлүүлсэн хүмүүстэй холбоогүй болохыг тогтоожээ.


Үүнээс гадна Инчеон хотын ахлах сургуулийн хоёр сурагчаас халдвар илэрсэнтэй холбоотойгоор Гёнги мужийн олон арван ахлах сургуулийн сургалтыг лхагва гарагт зогсоожээ. Түүнчлэн цар тахлын голомт байсан Дэгү хотын нэгэн сургуулийн дотуур байранд амьдардаг сурагчаас халдвар илэрсэн тул уг сургуулийн сургалтыг мөн зогсоосон байна.


БНСУ-ын хичээлийн жилийн хаврын улирал гуравдугаар сард эхэлдэг боловч коронавирусний халдварын улмаас удаа дараа хойшлуулж, ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид энэ долоо хоногийн лхагва гаргаас хичээлдээ явж эхэлсэн юм. 

Холбоотой мэдээ