АНУ К.Гоныг Ливан руу зугтахад оролцсон хоёр хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-21 12:05:58

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын эрх баригчид “Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоныг Японоос Ливан руу зугтахад тусалсан Америкийн хоёр иргэнийг баривчилжээ.


К.Гон өнгөрсөн 12 дугаар сард батлан даалтаар суллагдсан хугацаандаа Японоос хувийн нисдэг тэргээр Туркээр дамжин зугтсан юм. 


Токиогийн прокурорууд АНУ-ын Зэвсэгт хүчний тусгай албаны гишүүн асан Майкл Тэйлор, түүний хүү Петер Тэйлор нарыг баривчлах зөвшөөрлийг өнгөрсөн нэгдүгээр сард авчээ. Тэднийг лхагва гарагт Массачусетс муж улсаас баривчилсан байна.


Япон-АНУ-ын 2004 онд соёрхон баталсан мөрдөн шалгах байгууллагуудын хамтран ажиллах гэрээний дагуу уг ажиллагааг явуулжээ. Массачусетс муж улсын шүүхийн баримт бичигт тэмдэглэснээр, баривчлагдсан этгээдүүд “Кансай” нисэх буудлын ойролцоох зочид буудлаас хоёр том хар хайрцаг зөөж, хувийн нисдэг тэргэнд ачсан бөгөөд хайрцагнуудын нэгд К.Гон нуугдсан байжээ.


П.Тэйлорыг зугтах төлөвлөгөөг нь боловсруулахын тулд К.Гонтой олон удаа уулзсан хэмээн сэжиглэж байгаа юм байна. Мөн П.Тэйлор К.Гонд зочид буудлын өрөө захиалж өгч, түүний эд зүйлийг зөөжээ. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, хууль сахиулагчид П.Тэйлорыг АНУ-аас Ливан руу нисэх тийз захиалсныг мэдсэн даруйдаа баривчилсан байна. 

Холбоотой мэдээ