НҮБ Хөгжлийн тусламжийн хүрээнд 66 сая ам.долларын 100 гаруй ажил хэрэгжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-18 17:43:15
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсад НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн 2019 оны хэрэгжилтийг хянан хэлэлцэх Удирдах хорооны хурал өнөөдөр ГХЯ-нд боллоо.


Хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра болон холбогдох яам, агентлаг, Улаанбаатар дахь НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцож, НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн үр дүн, ололт амжилт, сорилт болон цаашид анхаарах асуудлын талаар санал солилцов. 


Манай улсад үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд стратегийн нэгдсэн чиглэлтэй, хамтран ажиллах үүднээс 2017-2021 онд НҮБ-ын Хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж байгаа юм. 


Өнгөрсөн хугацаанд “НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ”-нд 3 үндсэн чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, боловсрол зэрэг гол салбарын стратегийг боловсруулах зэрэгт бодит дэмжлэг үзүүлж нийт 109 үйл ажиллагааг 66,49 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжүүлсэн байна.


Тухайлбал, “Хөгжлийн хүртээмжтэй өсөлт, байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих” зорилтын чиглэлээр хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны дүнд баруун бүсийн аймгууд бодит үнэлгээнд тулгуурласан экосистемийн үйлчилгээ бүхий орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, 5,7 сая га газар улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх жишиг төслүүдийг хэрэгжүүлснээр 2019 онд хүлэмжийн хийн ялгарал 5220 тонноор буурчээ. 


Хурлын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажилд тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба болон НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудад талархал илэрхийлэв. Тэрбээр Хөгжлийн тусламжийн хүрээнд тусгагдсан арга хэмжээнүүд Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлоод хөтөлбөрийг үлдсэн 2 жилийн хугацаанд үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд дотоодын түнш байгууллагууд, талуудын бүтээлч оролцоо чухал болохыг тэмдэглэв. 


НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нь НҮБ-ын хөгжлийн системийг шинэчлэх шаардлагыг бий болгосон ба НҮБ-ын зүгээс шинэ үеийн хариуцлагатай, үр дүнтэй орны багийг бүрдүүлэх замаар гишүүн орнуудтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхийг зорьж буйг онцоллоо. Түүнчлэн НҮБ-аас одоо хийж буй Covid-19 цар тахлын нийгэм эдийн засгийн нөлөөллийн судалгаа нь Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны цаашдын хүрээг тодорхойлоход суурь үнэлгээ болно гэдгийг тэмдэглэсэн юм. 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гуттерешийн санаачлан хэрэгжүүлж буй хөгжлийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд Тотвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын тусламжийн хүрээг Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ болгон өргөжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа ба энэ удаагийн хурлаар шилжилтийн замын зураглалыг танилцуулж, гишүүд санал солилцов.



Холбоотой мэдээ