Орос-Монголын хамтарсан цэргийн сургуулилалт терроризмын эсрэг ажиллагаанд голлон чиглэнэ

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-05-06 12:06:05

ХАБАРОВСК. /Sputnik/. ОХУ-ын Дорнод цэргийн тойрог /ДЦТ/-ийн төлөөлөгчид болон Монголын зэвсэгт хүчний төлөөлөгчид удахгүй болох Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2016” цэргийн сургуулилтын үеэр хийх тагнуулын болон хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг устгах ажиллагааны сургуулилтуудын талаар хэлэлцэн тохиролцлоо гэж ДЦТ-ийн хэвлэлийн албаны дарга даваа гарагт мэдээлжээ.

Хэлэлцүүлэг зөвлөгөөний эхний үе шат хоёрдугаар сарын эхээр болсон байна. Хоёр талаас нийтдээ 2000 гаруй албан хаагчид оролцох уг цэргийн сургуулилтыг Буриад дахь ДЦТ-ийн “Бурдуны” дасгал сургуулилтын цогцолборт наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 7-ны хооронд зохион байгуулахаар болсон байна. Хэлэлцүүлгийн сүүлчийн шат ирэх долдугаар сард болох юм. 

Оросын талаас танкийн батальон, моторжуулсан явган цэргийн хороо, миномёт, өөрөө явагч их буу, пуужингийн ангиуд, түүнчлэн агаарын довтолгооноос хамгаалах болон тагнуулын ангиуд нэгтгэлүүд оролцох болно гэж ДЦТ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Түүний ярьснаар, Монголын тал энэ удаагийн хээрийн сургуульд явган цэргийн тусгай анги, явган цэргийн байлдааны машин, хуягт тээвэрлэгч, Т-72 танк, BM-21 Град пуужин харвагч систем, миномёт болон ZSU-23-4 Шилка загварын агаарын довтолгооноос хамгаалах системээ илгээх ажээ. 

“Сэлэнгэ-2016” нь 2008 оноос хойш зохиогдож буй Орос-Монголын хамтарсан 9 дэх сургуулилт болох юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ