Үндэсний бичиг үсгийн цаашдын чиг хандлагын талаар чөлөөт ярилцлага хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-05-15 18:14:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг өнөө жилийн хувьд улс даяар хөл хорио тогтоосон учраас цаг үеийн нөхцөл байдалд зохицуулан монгол бичгээр бичсэн номоо гэрээр унших хөдөлгөөн, цөөн хүрээг  хамарсан ярилцлага зэрэг ажлыг байгууллагууд хийж байна.

 

Энэ хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-ийн Монгол судлалын төв, Хэл шинжлэлийн тэнхим хамтран “Үндэсний бичиг үсгийн баярыг зохион байгуулахад манай байгууллагуудын оролцож ирсэн туршлага, цаашдын чиг хандлага” сэдвээр чөлөөт ярилцлагыг зохион байгуулав. Ярилцлагад Хэл зохиолын хүрээлэнгээс О.Самбуудорж, Т.Загарпэрэнлэй, МУБИС-иас Ардын багш Ц.Өнөрбаян, багш Ш.Баттөгс, Л.Жумдаан, Д.Ганболд нар оролцсон юм.

 

Тэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон МУБИС-ийн мэргэжлийн багш нар “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг улс орон даяар олон жил үр дүнтэй зохион байгуулахад санаачилга, идэвхтэй оролцож ирсэн уламжлалт ажлаа чанаржуулж, зарим ажилд ойрын үед анхаарч ажиллах нь зөв гэж үзээд дараах санал дүгнэлтийг гаргажээ.  Үүнд:

1. Бичиг үсгийг ямар түвшинд яаж хэрэглэж буй нь чухал байна. Иймд уламжлалт бичиг үсгээ хэрэглэе гэж байгаа бол зөвхөн хичээл заах бус, хэрэглэх орчныг нь бүрдүүлэх нь чухал. Гэвч бүх нийтээрээ монгол бичгээ эзэмших, сурах орчин хангалттай бус байна. Иймд монгол бичгээр бичсэн ном сонин, хаяг, зарлал мэдээллийг олон болгох  шаардлага  харагдаж байна.

2.  Эх хэлний талаар гаргасан хууль, баримт бичгийг нийтээрээ дагаж мөрдөхгүй байна. Энэ нь монгол бичгийн хэрэглээнд ч харагдаж байна.

3.  “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” боловсруулсан нь бүх нийтийн эх хэлний боловсролд чухал ач холбогдолтой боллоо. Одоо Хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангах зорилтыг дэвшүүлж буй учир “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийн нийтэд зориулсан сайн толийг зохион боловсруулах ажлыг мэргэжлийн байгууллагууд “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-тэй хамтран одооноос эхлүүлэх нь зүйтэй.

4.  Улс орон даяар Монгол бичгийн үндэсний хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусаад  гурав  дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Дээд байгууллагууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад анхаардаггүй, тайлан авахад л анхаарч буй нь буруу. Иймд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх нийтээрээ анхаарч ажиллах нь зөв байна.

5.  Эх хэлний үнэт зүйл, үнэт чанарт  анхаарч судалгааны ажлыг идэвхжүүлэх нь зөв байна.

Эдгээр санал, зөвлөмжийг гаргаж  өөр өөрийн байгууллагын шугамаар нийтэд мэдээлж нэгдсэн ойлголтод хүрэхээр болжээ.

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ