Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж гардуулав

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-05-15 11:11:19

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Нэгдсэн эмнэлэгт нэн тэргүүнд шаардлагатай байгаа нийт 31.4 сая төгрөгийн үнэ бүхий аппарат, тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.

Тухайлбал таван ширхэг хяналтын монитор, гурван ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, хоёр ширхэг дуслын шахуурга, эмэгтэйчүүдийн 4D эхо аппаратыг өгсөн байна. Хорио цээрийн энэ үед орон нутгийн төсөв тодорхой хэмжээгээр хэмнэгдэж байгаа. Тиймээс эмч, эрүүл мэндийн байгууллагуудын саналыг хүлээн авч аймгийн Засаг даргын зүгээс ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд санал оруулсан. Ингээд хэмнэгдсэн хөрөнгөөс 100 сая төгрөгийг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар шийдвэрлэсний дагуу тус тоног төхөөрөмжүүдийг өглөө. Эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шат дараатай шийдвэрлэж байгаа ч хүрэлцээ хангалттай бус хэвээр байна. Иймд аймгийн ЗДТГ-аас эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа саналыг үндэслэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн судалгааг гаргаад байгаа. Санал хүсэлтэд тулгуурлан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагад хүсэлт өгсөн. Эдгээр хүсэлтүүд шийдэгдвэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангагдах юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Орон нутагт гуравдугаар шатлалын эмнэлгийн

тусламж үйлчилгээг үзүүлж байна

Завхан аймаг иргэд, албан хаагчдынхаа санал хүсэлтийг тогтмол сонсож, тэдний саналд тулгуулан шийдвэр гаргадаг ажээ.

Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрөөр эмч нарынхаа санал хүсэлтийг тогтмол сонсдог болжээ. Мөн аймагтаа “Сайн эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх. Багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, орон нутагтаа эмчилгээний дэвшилтэт технологийг нэвтрүүлэх. Эрүүл мэндийн байгууллагуудын эмчилгээ үйлчилгээг сайжруулах зорилт тавин ажиллаж байгаа аж. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай хамтран ажиллах замаар тоног төхөөрөмжүүдээ шат дараатай шинэчилсээр байгаа юм.

Завханы Нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг дурангийн мэс заслуудыг амжилттай хийж байна. Тухайлбал бөөрний өвчлөлийн хүнд шатандаа орсон иргэд заавал Улаанбаатар хотыг зорихгүйгээр орон нутагтаа эмчлүүлдэг болжээ. Бөөрний өвчний хүнд шатандаа орсон өвчтөнүүд нь насан туршдаа байнгын гемодиализийн аппаратад орох хэрэгтэй байдаг. Ийнхүү эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжүүд шинэчлэгдсэнээр Улаанбаатар хотод хийж буй эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа хийдэг болоод байгаа аж. 

Холбоотой мэдээ