"Хүннү дуурлигийн цэцэрлэгт хүрээлэн"-г барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-05-20 09:24:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Тус аймгийн Баян-Адарга суманд "Хүннү дуурлигийн цэцэрлэгт хүрээлэн"-г барихаар болжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон холбогдох албаныхан тус суманд өнгөрсөн жил очиж ажиллахдаа уг шийдвэрийг гаргасан. Тодруулбал, түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн хүрээнд “Хүннү дуурлигийн цэцэрлэгт хүрээлэн” барих, “Монгол Хатдын Өргөө” аялал жуулчлалын цогцолборыг өргөжүүлэх ажлыг 2020 оны төсөвт суулгажээ.

Мөн энэ үеэрээ Ерөнхий сайд иргэдээс гарсан саналуудыг эрэмбэлж, сумын цэцэрлэгийн өргөтгөлийн байрны дотоод тохижилтод шаардагдах тоног төхөөрөмжийг төсөвт тусгах, Эмэгтэйчүүдийн оёдлын бүлгийн “Хатан дээл урлал”-ын төслийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд уламжилж, төслийн шийдвэрлэлтэд анхаарал хандуулж ажиллахыг ЗГХЭГ-т даалгасан аж.

Холбоотой мэдээ