Абэ, Кэмерон нар хамтран ажиллахаар тохиролцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-06 10:03:04

ЛОНДОН. /NHK/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронтой уулзаж, дэлхийн эдийн засгийг тогтворжуулахад санхүүгийн хувьд түлхэц өгөх нэгдсэн арга хэмжээг 7-гийн бүлгийн орнуудын хүрээнд авах тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Хоёр удирдагч өчигдөр Их Британид уулзжээ. Японы Исэ-Сима хотод болох 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Японы Ерөнхий Шинзо Абэ Европын орнуудад айлчлал хийж байгаа юм.

Абэ дэлхийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах талаар гаргасан саналыг нь дэмжихийг Кэмероноос хүссэн байна. Мөн тэрбээр 7-гийн бүлгийн орнуудын удирдагчид энэ удаагийн уулзалтын үеэр бүтцийн өөрчлөлт болон төсвийн уян хатан бодлого хэрэгжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлнэ хэмээн найдаж байна.

Хариуд нь Кэмерон хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахын тулд 7-гийн бүлгийн орнууд хамтран ажиллах хэрэгтэй гэж мэдэгдээд, Абэгийн гурван чиглэлтэй “Абэномикс” эдийн засгийн бодлогын тухайд "дэлхийн эдийн засгийн сорилтуудыг давах гурван сумны хооронд зохистой тэнцвэр бий болгох хэрэгтэйг" онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн янз бүрийн орнуудын нөхцөл байдлын онцлогийг харгалзан үзэх хэрэгтэйг дурджээ. Абэгийн бодлогын үндсэн гурван чиглэл нь мөнгөний бодлого, бүтцийн шинэчлэл хийх, төсвийн уян хатан бодлого юм.

Дэлхийн эдийн засаг болон терроризмтой тэмцэх асуудалд 7-гийн бүлгийн удирдагчид байр сууриа нэгтгэж, дорвитой хамтарсан мэдэгдэл гаргахад Абэ, Кэмерон нар хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ