УБТЗ-ын хэвлэх үйлдвэр анхны европ технологийг нэвтрүүлж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-14 12:47:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-ОХУ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын хэвлэлийн "Ган зам пресс" төвийн хэвлэх үйлдвэр дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ойн үеэр 108 жилийн ойтойгоо золголоо. 

Ойн үйл ажиллагааны үеэр Монголын хэвлэлийн түүхтэй холбоотой тус үйлдвэрийн сан хөмрөгт хадгалаатай байдаг Монголын анхны европ технологийн хэвлэх төхөөрөмжийг хүндэтгэлийн буландаа залж байрлуулах ёслол боллоо. Учир нь УБТЗ-ын хэвлэх үйлдвэр нь Монголд анхны европ технологийг оруулж ирсэн түүхтэйг "Ган зам пресс" төвийн дарга Ө.Батзориг онцлов. Энэ талаар "Ган зам" хэвлэх үйлдвэрийн даргаар ажиллаж байсан ахмад сэтгүүлч Ж.Нямдаш сүүлийн 20 жил судалж, төмөр замын хэвлэх үйлдвэр нь Монголын анхны европ технологийн үйлдвэр гэдгийг тогтоожээ. 


Хаант Орос улсын Эзэн хааны бэлгэдэл 2 толгойтой бүргэдийн дүрс бүхий сүлдийг товойлгон дүрсэлсэн бүтээсэн гар аргаар хэвлэдэг уг хэвлэлийн төхөөрөмж нь манай улсын хэвлэлийн түүхэнд хамаарах чухал дурсгалт эд өлгийн зүйл юм. Монголд нэвтэрсэн анхны европ хэвлэлийн технологид тооцогдох уг хэвлэлийн төхөөрөмжийг нийслэл Хүрээнд байсан Оросын консулын газар 1912 оны үед ашиглаж байжээ. Улмаар хожмоо 1950 оны эхээр УБТЗ-ын хэвлэх үйлдвэрийн өмчлөлд шилжсэн аж. 


Энэхүү төхөөрөмжөөр Монголын анхны “Шинэ толь” сонинг 1913 онд хэвлэсэн байх магадлалтайг судлаачид тэмдэглэж байна. Энэхүү хэвлэх төхөөрөмжийг үйлдвэрлэсэн он тодорхойгүй ч 1870-аад оны үед Францын зохион бүтээгч Сан Галл зохион бүтээсэн гэж таамаглаж байна. 


УБТЗ-ын хэвлэлийн "Ган зам пресс" төвийн хэвлэх үйлдвэрийн ойн ёслолд УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Раш, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, доктор профессор Т.Баасансүрэн нарын хүмүүс оролцлоо.


УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, өнөөдрийн үйл явдал нь Монгол-Оросын ард түмний найрамдлыг бэлгэдсэн сайхан ой болж буйг онцлоод, хоёр орны хоорон дахь түүхэн харилцаа 1912 онд тогтож байсныг тодотгож, Монголд анхны европ технологийн хэвлэх үйлдвэрийг оруулж ирж байсан түүхэн ой давхцаж байна гэв. 

УБТЗ-ын захиргаанаас хэвлэх үйлдвэрийн технологийг шинэчлэх ажлыг үе шаттай хийж байна. Цаашид ч Замын удирдлагаас "Ган зам пресс" төвийн хөгжилд анхаарч ажиллана гэдгийг дуулгаж хэвлэх үйлдвэрийн төвийн ажилтнуудад тэргүүний ажилчны шагнал гардуулсан юм. 


Б.Болд

Гэрэл зургийг Б.Дэлгэрхишиг нийлүүлэв


Холбоотой мэдээ