“Аэросити”-ийн нэрийг “Шинэ Зуунмод хот” хэмээн өөрчлөхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-13 18:19:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан бий болсон агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн эдийн засгийн тодорхой салбаруудыг хөгжүүлэх, нийслэлийн дагуул болон бусад хотуудыг хөгжүүлэх үүднээс Аэросити, Майдар хот шинээр байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Шинэ хотыг байгуулснаар Улаанбаатар хот руу шилжих хөдөлгөөн буурч, хүн амын хэт төвлөрөл саарна. Мөн хотжилтоос үүдэлтэй иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, дэд бүтцийн үйлчилгээний чанар сайжирна гэж Засгийн газар үзэж байгаа аж.


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуралдаан даргалагчаас төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийхийг байнгын хороонд үүрэг болгосон юм. БХБЯ-наас тогтоолын төслийн “Аэросити” гэсэн нэршлийг өөрчлөх асуудлын талаар Төв аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын саналыг авсны үндсэн дээр Засгийн газраас хотын оноосон нэрийг “Шинэ Зуунмод хот” гэж өөрчлөх саналаа Байнгын хороонд ирүүлжээ. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар тогтов.


Тогтоолын төслийг маргааш буюу энэ сарын 14-ны чуулганы хуралдаанаар эцэслэн батлахаар төлөвлөөд буй юм.

Холбоотой мэдээ