Абэ, Меркель нар төсвийн зарцуулалтыг уян хатан болгох талаар хэлэлцлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-05 12:04:22

БЕРЛИН. /NHK/. Япон болон Германы удирдагчид энэ сарын сүүлчээр болох 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийн талаар тодорхой утга агуулга бүхий илгээлтийг гаргахаар тохиролцсон байна.

Японы Исэ-Сима хотод болох энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Японы Ерөнхий Шинзо Абэ Европын орнуудад айлчлал хийж байгаа юм.

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр өчигдөр Германд хүрэлцэн ирж, тус улсын Канцлер Ангела Меркельтэй Берлин хотын захад орших Мерзебург цайзад уулзжээ. Тэрбээр анх удаа Германы төрийн зочин хүлээн авдаг ордонд зочилж байгаа нь энэ юм.

7-гийн бүлгийн орнууд бүтцийн шинэчлэлийг яаравчилж, дэлхийн эдийн засгийг сэргээх болон хямралаас зайлсхийхийн тулд төсвийн зарцуулалтыг уян хатан болгох хэрэгтэй гэж Абэ мэдэгджээ.

Харин Меркель "хөрөнгө оруулалт, бүтцийн шинэчлэл, мөнгөний бодлого нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтойг" дурдаад, Европыг зорин ирсээр буй дүрвэгсдийн шилжилт хөдөлгөөн Германы дотоодын эрэлтийг нэмэгдүүлсэн нь дэлхийн эдийн засагт нааштайгаар нөлөөлнө гэж дурдлаа.

Хоёр орны удирдагчид хэлэлцээний дараа хэвлэлийн бага хурал хийжээ.

Төсвийн зарцуулалтыг уян хатан болгох тухай асуудлыг 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэхээр бид тохиролцсон гэж Абэ онцолсон бол Меркель хэлэхдээ "санхүүгийн тогтвортой байдлыг хангах болон бүтцийн өөрчлөлт хийх замаар дэлхийн эдийн засгийг бэхжүүлнэ" гэжээ.

Мөн гадаад валютын зах зээлд гэнэтийн бөгөөд дамлан худалдахад чиглэсэн өөрчлөлт гарсныг дурдаад валютын зах зээл тогтвортой байх нь болохыг Абэ онцоллоо.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ