Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт Сэлэнгэ аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-05-07 13:25:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль Сэлэнгэ аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Дээрх үйл ажиллагааг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Эл дадлага сургуулийг энэ сарын 06-08-ны өдрүүдэд явуулж байгаа бөгөөд Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн цагийн байдал дээр аймгийн мэргэжлийн анги нэгтгэлийн албан хаагчид ажиллаж байна.

Дадлага сургуулиар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн бэлэн байдлыг үнэлэх, дээшлүүлэх, нэрвэгдэгсдийг эмчлэх, хөл хорио, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэм тогтоох зэрэг арга хэмжээг явуулах юм.

Тухайлбал "Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" сэдэвт дадлага сургуулийн төлөвлөгөөний дагуу, Алтанбулаг боомтын шуурхай дэд штаб цагийн байдал дээр ажиллаж байна. Энд “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх. Мөн гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах. Цаашлаад онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгдэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг нээх зэрэг дадлага сургуулийг эдгээр өдрүүдэд гурван шаттай зохион байгуулах юм байна. 


Холбоотой мэдээ