Ш.Бямба-Өлзий: Сургагч, зөвлөгч, анд нөхөр нь, заримдаа ах, аавын байр сууринаас хандах үе ч гардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-07 14:04:01

Баянхонгор /МОНЦАМЭ/ Ш.Бямба-Өлзий боловсролын салбарт гурван жил ажиллаад Баянхонгор аймгийн “Хөдөлмөрийн аварга”-аар тодорчээ. Тэр бол сургууль, сум, аймаг бүсийн хэмжээнд спорт, урлаг, сэтгэх чадвар, үндэсний бичиг соёлын мэдлэг зэргээрээ түүчээ болж яваа хөдөлмөрч багш, залуу дасгалжуулагч. Аймаг бүс, улс, олон улсын чанартай тэмцээнд давхардсан тоогоор 63 сурагч нь оролцож, 94 медаль авснаас алт 22, мөнгө 32, хүрэл 39 хүртсэн бол нэг шавь нь дэлхийн аваргаас мөнгөн медаль авчирсан. Хөдөө орон нутагт багш хэмээх алдрыг өргөж яваа, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ЕБС-ийн Биеийн тамирын багш Шаравсэнгийн Бямба-Өлзийтэй ярилцлаа.

 

-Сургуулиа амжилттай дүүргэсэн залуу багш нутагтаа ажиллаж амьдрахаар жолоо залсан үеийн дурсамжаас тань яриагаа эхэлье.

-Монгол Улсын Даяар дуурсах дархан аварга Х.Баянмөнх аваргын үүсгэн байгуулсан “Шонхор” дээд сургууль, одоогийн Олимп дээд сургуулийг 2012 онд төгсч байлаа. Сурч боловсроод нутагтаа ажиллаж амьдрах бодол багаас минь л байсан болохоор шууд нутгаа зорьсон. Нэг хэсэгтээ ажил олдохгүй, тэр дундаа мэргэжлээрээ ажиллах боломж олдохгүй бараг дөрвөн жил болсон. Тэр хугацаанд мал маллалаа, архив бичиг хэргийн ажилтан түр хугацаанд хийж ч үзсэн. Тэгээд 2016 оны 12 дугаар сараас мэргэжлээрээ ажиллаж, “магнай тэнийсэн” дээ.

-Багш болох таны багын мөрөөдөл байв уу? Эсвэл хэн нэгний зөвлөсний дагуу энэ мэргэжлийг сонгосон уу?

-Багш болох хүсэл бол байсан. Гэхдээ яг биеийн тамирын багш болъё гэж бодож байгаагүй. Бөхийн спортоор хичээллэж байсан болохоор багш маань зөвлөснөөр энэхүү мэргэжлийг сонгосон.

-Ажил мэргэжлийн тань хамгийн сайхан нь юу вэ? Мөн таны бахархал?

-Багш хүний хамгийн сайхан зүйл бол шавь нарыгаа сайн явах, амжилттай явааг нь харж бахархах л байдаг. Миний бахархал бол мөн л шавь нар минь юм даа. Сүүлд гэхэд, дөрвөн жилд нэг удаа болдог Монголын хүүхдийн спортын их наадамд чөлөөт бөхөөр 2, жудо бөхөөр 5, самбо бөхөөр 1 шавь маань оролцож бүгд л амжилт гарган, чөлөөт бөхийн төрөлд А.Хишигдаваа хүрэл медаль, жудо бөхийн төрөлд шавь Б.Батцэцэг аймгаасаа ганцаараа мөнгөн медаль хүртэж, бусад шавь нар маань шагналт байруудад шалгарсан. Хэдий цуг явж чадаагүй ч, телевизээр үзээд сууж байхдаа дэргэд нь байгаа юм шиг, өөрөө медаль зүүсэн шиг л баярлаж хөөрсөн. Манай гэр бүлийн хүн шоолж инээгээд гэр дүүрэн юм болсон. /инээв/

-Гэр бүлээ танилцуулаач?

-Гэргийг маань Ганбатын Бүрэнжаргал гэдэг. Бид гэр бүл болоод долоон жил болж байна. Гурван хүүтэй. Том хүү хоёрдугаар анги, дунд хүү нэгдүгээр анги, бага хүү минь 2 настай. Ажил, сургалт, тэмцээн уралдаан гээд гэр бүлдээ зарцуулах цаг хангалттай байдаггүй ч арын ажлыг минь миний хань төвөггүй зохицуулдаг. Нэг тэмцээнд явахад заримдаа сараар, багадаа долоо хоног зарцуулдаг. Өнгөрсөн жил ДАШТ-д оролцоод ирэхэд бага хүү маань хөлд орчихсон байсан. Ар гэрийн зарим асуудлыг хэзээ хойно мэдэх нь ч бий. Тэр үед аль хэдийнэ зохицуулсан л байдаг юм. Дасгалжуулагч, тамирчдын ар гэр бүхэн тийм л байдаг байх, тиймдээ ч илүү амжилт гаргадаг болов уу гэж боддог.

 

-Сүүлийн үед хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах сонирхолтой залуус цөөрөөд байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ? Давуу тал болон бэрхшээлтэй талыг дурдвал?

-Ажлын байр байх л юм бол залуучууд хөдөө ажиллахаас татгалзахгүй гэж боддог. Тэр тусмаа төрж өссөн нутагтаа ажиллаж амьдарна гэдэг сайхан шүү дээ. Сул тал гэвэл хөгжих бололцоо муу байж мэднэ. Гэхдээ хувь хүнээс бас шалтгаална. Юм хөгжсөн одоо үед бол орчинг өөрөө бий болгож, цаг үеэсээ хоцрохгүй байх боломж бий.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө найман цаг гээд ажил руугаа алхана. Замаар сурагчид маань бас алхаж таардаг, ингээд олуулаа болоод л элдвийг хөөрөлдсөөр сургууль орно. 10 гаруй минут л алхдаг юм. 08:20 цагаас хичээл эхлээд, олон цагтай үед 13:35 хүртэл зааландаа хичээлээ орж, шүгэл үлээнэ. Өдөр хичээлтэй үед бол үргэлжлүүлнэ, хичээлгүй үед бол гэртээ үдийн цайгаа уугаад үдээс хойшдоо сурагчдын дунд явуулдаг сонгон секцээ орно. 19:00 цагаас өмнө л бэлтгэлээ дуусгаад гэртээ харьдаг юм. Энэ хооронд ар гэрийн ажил, гурван хүүхдээ цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, авах бүхий л ажлыг эхнэр маань зохицуулдаг.

-Хүүхдүүд боловсрол, мэдлэгтэй байхаас гадна эрүүл чийрэг, өв тэгш бие бялдартай, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг хэвшилтэй болоход спорт маш чухал үүрэгтэй. Хүүхдүүдийг спортод хэрхэн дурлуулдаг вэ?

-Тэгэлгүй яахав. Нэг багш маань “Таны хүүхэддээ оруулах хамгийн чухал хөрөнгө оруулалтын нэг бол спорт юм” гэж хэлсэн байдаг. Энэ үнэхээр үнэн шүү. Хүн бүр ямар нэг спортын төрлөөр хичээллэх хэрэгтэй, хүүхдээ ч мөн адил. Спортоор хичээллээд эхлэхэд л аяндаа дурлаад, шимтээд ирдэг. Амжилт гаргах бол тийм чухал биш, гол нь тууштай хичээллэх. Тэрийг эцэг эхчүүд ойлгодог байх нь бас чухал шүү.

-Таны шавь нар ихэвчлэн аль төрөлд амжилт үзүүлж байна вэ?

Жудо, чөлөөт бөхийн төрлөөр голлон хичээллэдэг. Сүүлийн үед жюү жицу бөхөөр амжилт гаргаж байна. Манай сум сургууль маань их спортын олон жилийн түүхтэй. Өмнө ажиллаж байсан Л.Цэдэнсодном, Ц.Цэнд-Аюуш, Б.Баяндалай зэрэг багш нар маань бүст барилдаан, жудо бөхийн төрлөөр дэлхийн медалтан төрүүлсэн, энэ сумаас бүст бөхийн дэлхийн аварга Б.Эрхбаяр, жудо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Ойдовчимэд, Жюү жицу бөхийн Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Батцэцэг зэрэг олон сайн тамирчин төрөн гарсан байдаг. Цаашдаа ч олон сайн тамирчин бөхийн төрлөөр төрөн гарна гэдэгт итгэлтэй явдаг. Миний хувьд энэ багш нарынхаа гаргасан жимээр шавь нараа бэлдэж дэлхийн аваргаас мөнгөн медальт шавь төрүүлээд байна. Амжилтаа ахиулж, олон алдартан төрүүлж гаргана гэдэгтээ итгэлтэй явдаг аа.

-Тэмцээн уралдаанд явахаар хөрөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн шийддэг вэ?

-Жилд дунджаар 10 орчим тэмцээнд оролцдог. Манай сум Улаанбаатар хотоос 1000 орчим км зайтай учраас замын зардлаас эхлээд санхүүгийн олон асуудал тулгардаг. Энэ болгонд сургууль, хамт олон, байгууллага, багууд, малчид гээд л сумаараа дэмжинэ дээ. Энэ ташрамд, шавь нарынхаа ар гэр, аймаг, сум орон нутгийн удирдлагууд, багийн дарга нар, байгууллагын дарга нар, малчиддаа болон Монгол Улсын Гавьяат багш, доктор Б.Даваасүрэнгийн нэрэмжит сургуулийн  хамт олондоо, эцэг эхчүүддээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.

 


-Чөлөөт бөх, жудо, самбо, таеквондо, жюү жицү, үндэсний бөх, гүйлт, гар бөмбөг гээд аль хүссэн чиглэлээрээ сумын сургуульд хичээллэх боломжтой байна гэдэг сайхан зүйл шүү.

-Тийм шүү. Сумын маань сургууль цөөн сурагчтай болохоор илүү тулж ажиллах, нэг бүрчлэн цаг гаргах боломжтой байдаг. Д.Зундуйжамц гээд найз маань бас биеийн тамирын багшаар ажилладаг. Бид хоёр залуу багш учраас хамтраад спортын цөөнгүй төрлөөр хүүхдүүдээ хөгжүүлэх, дуртай, чадах спортоор нь хичээллүүлэхийг зорьж ажилладаг. Энэхүү хамтын ажиллагаа маань ч үр дүнтэй байгаад баяртай байна.

-Спортоор хичээллэсэн хүүхэд бусад сурагчаас бие бялдрын хөгжил, бусад өөрчлөлт хэр байдаг талаар харьцуулсан судалгаа байдаг болов уу?

-Байлгүй яахав. Эхлээд залуу багш энэ талаар сайн судалгаа хийж чаддаггүй байлаа, өнгөрсөн жилээс харьцуулсан судалгаа ажиглалт хийж хүүхдийн бие болоод сэтгэлзүйд чухал өөрчлөлт гарч байгааг тодорхойлон сургуулийн хэмжээндээ танилцуулсан байгаа.

-Та хичээл, сургалтдаа хэр дэгтэй вэ?

-Дэгтэй. Мэргэжил маань ч тийм байхыг шаарддаг.

-Ингэхэд одоогийн сургалтын тогтолцоог юу гэж боддог вэ? Тодруулбал, таны хичээлийн заах цаг хангалттай байдаг уу?

-Сургалтын тогтолцооны хувьд бол сайн хэлж мэдэхгүй л байна. Засгийн газар, салбарын сайд шинээр томилогдох болгондоо хөтөлбөр сургалтад шинэчлэл хийх нэрээр олон дахин өөрчлөх нь тийм ч таатай санагддаггүй. Биеийн тамирын хичээлийн хувьд бол 40 минут бага л санагддаг. 

-Таныг сэтгэх чадварын болон үндэсний бичгийн уралдаанд дээгүүр байр эзэлдгийг сонссон. Биеийн тамирын багш ч бусад чиглэлийг яаж ийм тэгш эзэмшиж, хөгжүүлэв?

-Би ер нь сурлага сайтай сурагч, оюутан байсан. Тэгээд ч спортын хүмүүс сэтгэх чадвар сайтай байдаг. Бүгд л тийм байгаа байх. Үндэсний бичгийн хувьд бол монгол хүн үндэсний бичгээ сайн сурах эзэмших ёстой гэж боддог, ажлынхаа заваар сүүлийн үед уран бичлэг сонирхон оролдож байгаа. Хобби гэх үү дээ.

-Хог хаягдлаар бүтээл хийх уралдаанд таны шавь нар хурдан морины хамгаалалтын хувцас хийж оролцсон гэдэг нэлээд анхаарал татлаа?

-Би сургуулийнхаа 8б ангийн удирдсан багшаар ажилладаг. "Хоггүй Монгол" аяны хүрээнд Баянхонгор аймгийн хэмжээнд зарласан “Хог хаягдлаар бүтээл хийх уралдаан”-д технелогийн багш Ц.Гомбосүрэн багшийн удирдлаган доор ангийн сурагчид маань ажиллаж хийсэн бүтээл. Аймагтаа хоёдугаар байр эзэлсэн. Манай ангийн хөвгүүд бүгд л хурдан морь унадаг болохоор усны шар саваар хамгаалалтын хувцас хийх санаа гаргаж, маш сайхан бүтээл гарсан юм.

-Өөрөө бэлтгэл сургуулилт хийх, уралдаан тэмцээнд оролцох тал дээр цаг гаргаж чаддаг болов уу?

-Сурагч байхаасаа бөхийн спортоор хичээллэн олон тэмцээн уралдаанд оролцож, чөлөөт бөхийн өсвөрийн улсын аваргаас медаль хүртэж явсан. Өнгөрсөн жил Жюү жицу бөхийн төрлөөр Дэлхийн наадамд оролцсон ч амжилт гаргаж чадаагүй, харин Их шавь кап тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Шавь нараа бэлтгэж дасгалжуулахын хажуугаар өөрөө бэлтгэл хийх цаг бараг л гардаггүй дээ. Тэгээд ч ер нь багшийн дор л бэлтгэл хийж амжилт гаргана уу гэхээс ямар ч хүн багшгүйгээр  амжилтад  хүрнэ гэж байхгүй.

-Багш хүний машид эрхэмлэх чанар юу байх вэ?

-Ямагт хүүхдийн төлөө ажилладаг байх хэрэгтэй. Сургагч, зөвлөгч, анд нөхөр нь, заримдаа ах, аавын байр сууринаас хандах үе ч гардаг.

-“Хэцүү” хүүхэд гэж байдаг уу, учирч байв уу? Хэрхэн сургах, хүмүүжүүлэх тал дээр толгой өвтгөсөн үе байсан болов уу.

-Хэцүү хүүхэд гэж байдаг. Гэхдээ спортоор хичээллээд ирэхээрээ зөв хүмүүжил, хатуужилтай болоод ирдэг. Харин хэцүү хүүхдээс илүү хэцүү аав ээжүүд ганц нэг харагдаад байдаг шүү.

-Ярилцсанд баярлалаа.



Холбоотой мэдээ