Ч.Амгалан: Энэ хавар 42,0 мянга га талбайд тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-05-06 14:21:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалантай уулзаж, хаврын тариалалт, энэ салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.


- Газар тариалангийн салбарын энэ оны зорилтын тухай?

- Энэ жил манай аймаг 42,0 мянган га талбайд тариалалт хийнэ. Үүнээс буудай 41,0 мянга, малын тэжээл 850 га, тосны ургамал 4200 га-д тариалах юм. Мөн төмс 353,0 га, хүнсний ногоо 131,0 га тариалахаар төлөвлөсөн. Газар таралиангийн салбарын зорилтыг сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээнд тусгаж хэрэгжүүлж байна.

Ирэх намар аймгийн хэмжээнд үр тариа 54,5 мянга, үүнээс улаан буудай 53,5 тонныг авахаар төлөвлөж байна. Мөн малын тэжээл 1700, тосны ургамал 2500, төмс 4240, хүнсний ногоо 1567 тонныг хураан авна гэж тооцсон.

Энэ жилийн хувьд 42,5 га талбайд уринш бэлтгэнэ гэсэн чиглэлтэй байна.

- Хаврын тариалалтад шаардагдах үрийн хангамж хэр зэрэг байна вэ?

- Энэ жилийн тариалалтад 6225 тонн улаанбуудайн үр шаардлагатай. Үүнээс 1980 тонн үр дутсан. ХХААХҮЯ-нд санал тавьж захиалга хүргүүлсэн. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 1044 тонн улаан буудайн үр хуваариллаа. Мөн улсын үрийн нөөцөөс 404 тонн үр хуваарилсан. Гэсэн хэдий ч одоогоор дахиад 17 аж ахуйн нэгж, иргэдэд 500 орчим тонн үр дутагдалтай байна. Яаманд санал хүргүүлсэн байгаа. Улсын үрийн нөөц болон гадаадаас оруулж ирэх улаан буудайн үрийн захиалгад оруулна гэсэн чиглэл өгч байна.

Энэ жил хаврын тариалалтад зориулаад тариалан эрхлэгчдэд түлш олгож эхэлсэн. Түлшийг 20 хувийн урьдчилгаатай нэг га талбайд 10 литрээр тооцож өгч байна. Тухайн аж ахуйн нэгж 3,0 тонн буюу түүнээс дээш хэмжээний түлш авсан тохиолдолд литр тутмыг 1470 төгрөгөөр үнийг тооцож олгож байна. Үүнээс доош хэмжээний түлш авах тохиолдолд 1800 төгрөгөөр тооцохоор шийдвэр гарсан. Бид дотооддоо зохион байгуулалт хийж, түлш нийлүүлэгч компанитай ярилцсаны үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш аж ахуйн нэгжийг нийлүүлээд 3,0 тонноос дээш хэмжээний түлш авах юм бол хямд үнээр нийлүүлэх боломжтой гэдгийг тохиролцож байна.

- Цаг агаарын төлөв харахад хаврын адаг, зуны эхэн саруудад халуун, хур багатай байх нь. Газар тариаланд хэр нөлөөлөх бол?

- Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв энэ жилийн 5-9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв гаргасан. Төлвөөс харахад 5,6 дугаар сард агаарын температур олон жилийн дундаж хэмжээнээс 1,5-2,0 градусаар дулаан байх нь. Бас хур тунадас олон жилийн дундаж хэмжээнээс бага  орно гэсэн төлөвтэй байна. Тэгэхлээр цаг агаарын төлөв байдалд тохируулан агро зөвлөмжөө боловсрууллаа. Манай мэргэжилтэнүүд, Ургамал, газар тариалангийн хүрээлэнтэй хамтран хаврын тариалалтын зөвлөмжийг боловсруулсан. Энэ жилийн хувьд хөрсний чийг гайгүй байгаа хойд бүсийн суманд 5 дугаар сарын эхнээс хаврын тариалалтыг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж чиглэл өгч байна. Харин урд бүсийн сумдад чийг муутай байгаа учир бороо угтуулж, энэ сарын 20-д гаргаж тариалалт хийх чиглэл өгч байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 5 дугаар сарын сүүлийн 10 хоногт хур тунадастай гэсэн.

- “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлж олон нийтийн арга хэмжээг хориглосон. Тариаланчдын зөвлөгөөн хийхгүй байх. Тэгэхлээр агро зөвлөмж болон энэ жилийн газар тариалангийн бодлого, зорилтоо тариаланчдад хэрхэн хүргэж байна вэ?

- Аймгийн хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээ, хурал цуглаан хориглосон. Үүнээс шалтгаалаад тариаланчдаа цуглуулан зөвлөгөөн хийж, агро зөвлөмж танилцуулах, бусад мэргэжлийн байгууллагын зөвлөмж, эрдэмтдийн хичээл сургалт, газар тариалангийн зориулалттай техник, технологийн үзэсгэлэн гаргадаг байсан уламжлал тасарлаа. Бид аймгийн Засаг даргын удирдамжтай дөрвөн чиглэлд ажлын хэсэг гаргахаар төлөвлөсөн байгаа. Энэ ажлын хэсэг газар дээр нь очиж газар тариалангийн салбарын мэдээлэл өгөх юм.

- Газар тариалангийн хувьд хаврын тариалалттай холбоотой тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

- Хаврын тариалалттай холбоотой тулгамдсан асуудал байна. Үр дутагдаж байна. Бид төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийх зорилт дэвшүүлээд байгаа. “Хүнсээ бэлтгэх бүх нийтийн аян”, “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриалга гаргасан. Одоогоор төмс, хүнсний ногооны үр  дутагдалтай байна. Мөн дээр нь улаанбуудайн үр дутагдаж байгааг өмнө хэлсэн.

Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг их хэмжээний буюу 1000 га-гаас дээш талбайтай аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хувьд хөл дээрээ зогссон байдаг. Харин бага хэмжээний талбайтай аж ахуйн нэгж, иргэд техникийн шинэчлэл хийх боломж муутай байгааг анхаарах шаардлагатай байна. Техникийн хүчин чадал муу буюу өөр газрын техник түрээслэх маягаар газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдгээс агротехникийн горим буюу хугацаа алдан тариалалт хийж, ургац хураадгаас ашиг орлого нь буурах нэг шалтгаан болдог тал байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ