Ахмад мэргэжилтнүүд зөвлөх үйлчилгээ хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-05 13:53:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан “Баянхонгорын иргэд - Баянхонгорын баялаг” зарчмыг удирдлага болгож, иргэдээ бүх талаар системтэй хөгжүүлэх зорилгын хүрээнд “Ахмадын зөвлөх үйлчилгээний төв”-ийг байгуулжээ.

Ахмад настнуудын ажил амьдралын баялаг туршлагыг бусдад өвлүүлэн сургах “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний  төв”-ийг аймгийн Ахмадын ордныг түшиглэн байгуулсан байна.

Төрийн захиргаа, боловсрол, нийгэм эдийн засаг гэсэн салбаруудад ахмад настны зөвлөх үйлчилгээг хүргэдэг бөгөөд 2017-2018 онд боловсрол эрүүл мэнд тэргүүтэй салбаруудад 87 ахмад мэргэжилтэн зөвлөх үйлчилгээг үзүүлжээ. Тэгвэл 2019 онд үндэсний түүх, уламжлал, хэл соёл, зан заншлын өргөөг байгуулж, монгол уламжлалт тоглоом наадгайг 6-8 дугаар ангийн 250 сурагчид зааж өгөх зэргээр давхардсан тоогоор нийтдээ 1200 гаруй иргэнд ахмадын зөвлөх үйлчилгээ хүргэжээ.

Мөн хувиараа бизнес эрхлэгч ахмадуудын үйл ажиллагааг дэмжин  51.5 сая төгрөгийг 34 ахмадад олгосон байна. Ахмадын  олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ эрхлэх магадлан итгэмжлэлийг авч, 40 ахмад настанд тусламж үйлчилгээ хүргэсэн байна. Хөтөлбөрийн дүнд байнгын ажлын байр 34, түр ажлын байр 109 бий болжээ.

Цаашдаа ахмадын зөвлөх үйлчилгээг “Ухаалаг Баянхонгор” хөтөлбөртэй уялдуулан онлайн хэлбэрээр явуулах судалгааг хийж байгаа юм байна.

Сонирхуулахад, Аймгийн хэмжээнд таван суманд “Ахмадын ордон” шинээр барьж, 13 суманд ахмадын танхимд ахмад настнууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж байна.

Холбоотой мэдээ