Энэтхэгт хөл хориог сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-05-02 11:13:57

ШИНЭ ДЕЛИ. /NDTV/. Энэтхэгт “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд энэ сарын 4 хүртэл орон даяар тогтоосон хөл хориог хоёр долоо хоногоор сунгалаа гэж тус улсын Засгийн газар мэдэгдлээ. Энэтхэгт зургаан долоо хоногийн турш хөл хорио тогтоосноор ихээхэн үр дүн гарчээ.


Дотоод хэргийн яамны мэдээлснээр, халдвар тархах өндөр эрсдэлтэй улаан бүс, 21 хоногийн турш халдвар илрээгүй ногоон бүс болон эдгээр бүсийн хоорондох улбар шар бүсийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр хөл хориог сунгах шийдвэрийг гаргасан байна.


Мөн улс даяар зарим хязгаарлалтыг тогтоох хэдий ч гуравдугаар сарын 25-наас хойш хатуу хязгаарлалт тогтоогоод байсан ногоон, улбар шар бүсүүд дэх дүүргүүдэд хязгаарлалтуудыг сулруулахаар хэлэлцэж байгаа ажээ. Засгийн газрын мэдээлснээр, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор халдварын тохиолдлын тоо харьцангуй бага байгаа бөгөөд баасан гаргийн байдлаар тус улсад 35365 хүн халдвар авч, 1152 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ